Хэрлэн гол нь Хэнтий нуруунаас эх авч Монгол орны зүүн бүс нутгийн дундуур Дорнод Монголын уудам их талын хойд хэсгээр 1382 км урсан, БНХАУ-ын Хөлөн нуурт цутгадаг. Мөн Амар мөрний нэг эх болж ОХУ, БНХАУ-ын нутгаар дамжин Агнуурын тэнгисээр Японы арлуудын хойд хэсэгт Номхон далайд цутгадаг байна. Их Хэнтий нурууны салбар Хэнтэй Хан уулын өврийн Хэрэй толгой, Будан цагаанаас эх авсан Богдын гол, Цагаан голын бэлчирээс "Хэрлэн гол" хэмээн нэрлэгдэнэ.
Хэрлэн голын үндсэн тэжээгдэл нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт сумдын нутагт урсах Богдын гол, Хориуд, Илүүр, Хонгон, Тэрэлж, Тэнүүн, Гурван сайхан, Зоргол, баруун, зүүн Бүрх, Баянгол, Гутай, Баруун, зүүн, дунд Байдлаг гэх мэт том жижиг 37 гол горхи бий. Багануураас доош Галуутын гол, Цэнхэрийн гол, Аваргын гол, Мөрөнгийн гол гэсэн 4 гол цутгадаг.
Хэнтий нурууны ойт хээрийн бүсээс хуурай хээрийн бүсэд шилжин урсдаг, голын эх орчимд далайн түвшнээс дээш 2020 метр, адагтаа 625 метр өргөгдсөн байна. Хэрлэн гол дагуу ус, цаг уурын харуулууд байрлаж ажиглалт, хэмжилтийг тогтмол хийж ирсэн. Харуулуудын мэдээлэлд тулгуурлан олон жилийн дундаж урсацыг тодорхойлоход Багануур дүүрэг орчимд хамгийн их буюу 23.5 м3/секунд, Чингис хот орчимд 21.4 м3/секунд, Чойбалсан хот орчимд 19.4 м3/секунд, БНХАУ-ын Алтан Эмээл хот орчимд 14.2 м3/секунд гэсэн тооцоог гаргажээ.Голын дулааны улирлын усны түвшин голын эхэн хэсгээр буюу Багануур дүүрэг орчимд дунджаар 200-220 см, дунд хэсгээр 150-170, адаг хэсгээр буюу Чойбалсан хот орчмоор 130-160 см болж багасдаг байна.