Хүндийг өргөлтийн ахмад тамирчин Ц.Оюунчимэг тив, дэлхийн тэмцээнд оролцож, амжилтаа ахиулсаар буй. Тэрбээр хамгийн сүүлд Канад улсад 2019 онд болсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Өмнөх жил нь БНХАУ-д болсон хүндийг өргөлтийн ахмадын “Дэлхийн цом”-ын тэмцээнд 55-аас дээш насныхны +87 кг-д түрүүлж долоо дахь алтан медалиа зүүжээ. Түүний дотоод, гадаадад түрүүлсэн тэмцээн үүгээр зогсохгүй. Хүч бяр, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан хүндийг өргөлтийн дэвжээнд гаргасан амжилтыг нь нэг бүрчлэн өгүүлбэл сонины нэгээхэн хуудас багадна. Өдгөө 60 насны босго алхсан тэрбээр Азийн ахмадын наадамд нас, жингийнхээ ангилалд тэргүүлсэн Монголын анхны ахмад эмэгтэй туйван ч.Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн дээд амжилтыг найм, Ази тивийнхийг найм, Европын нээлттэй тэмцээнийхийг зургаан удаа шинэчлэн тогтоосон түүнтэй ярилцлаа.
-Таныг 50 насандаа хүндийг өргөлтийн ахмадын ДАШТ-д оролцож, аварга болно гэж олон хүн төсөөлөөгүй байх.
-Би 2012 оноос хүндийг өргөлтийн ахмадын ДАШТ-д 50 настайдаа анх оролцож, мөнгөн медальтай ирсэн. Түүнээс хойш 2014-2019 онд зохион байгуулахад нь түрүүлж байв. Миний хувьд тэтгэвэрт гарсныхаа дараа 2011 онд 49 насандаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. ДАШТ-ээс зургаа, “Дэлхийн цом”-оос долоо, олон улсын гран при тэмцээнээс дөрвөн алтан медаль, аваргын дөрвөн цом гардсан баярт мөч минь өдгөө мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Дотоод, гадаадын тэмцээнд оролцож, 60 гаруй медаль хүртсэн байна.
-Спорт таныг өмнөхөөс тань өөрчилж, олон нөхөдтэй болгожээ. Ингэхэд хэн таныг туйван ч бол гэж ятгачихав аа?
-Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга надад хүндийг өргөлтөөр хичээллэхийг зөвлөсөн юм. Тэрбээр тэр үед ХХААХҮЯ-ны сайд байв. Бид 10 жилийн сургуулийн нэг ангийнхан. Цэргийн байгууллагын албан хаагчид тэтгэвэрт эрт гардаг. Гэртээ ажилгүй хэдэн жил суутал жин нэмж, өвчин хэлэх боллоо. Нэг өдөр ангийнхаа андыг зорьж очоод “Чи надад ямар ч хамаагүй ажил олж өгөөч. Гэртээ зүгээр суух уйтгартай юм” гэхэд тэрбээр “Бидний насанд одоо ямар ажил олдох вэ. Ажил хайхын оронд хүндийг өргөлтөөр хичээллэ. Чамд удам, бяр, тэнхээ байна. Спортын төв ордонд бэлтгэл хийдэг заал бий. Яваад оч. Би дэмжье” гэв. Багадаа биеийн тамирын хичээлээс зугтдаг байсан надад спорттой нөхөрлөнө гэдэг эхэндээ санаанд багтаагүй.
-Таны насанд спортын зарим төрлийн тамирчид зодог тайлдаг. Хижээл насандаа хичээллэхээр зориглоход тань хэн урам өгөв?
-Спортын төв ордонд очиж, хүндийг өргөлтийн дасгалжуулагч Я.Дөрвөнжин багштай уулзаад, хичээллэхээр сонирхож буйгаа хэллээ. Тэрбээр уриалгахан хүлээж аваад “Энэ спортоор хичээллэхэд нас хамаарахгүй. Сонирхож байвал бололгүй яах вэ. Бэлтгэл хийх зориулалтын хувцас, хэрэглэл аваад, лхагва гарагт хүрээд ир” гэв. Хүндийг өргөлт байтугай спортын ямар ч ойлголтгүй нөхөр 2011 оны тавдугаар сард хичээллэхээр ирсэн. Түүнээс хойш дөрвөн сар бэлтгэл хийж, намар нь Орхон аймагт болсон УАШТ-д оролцохдоо огцом өргөлтөөр 45, түлхэлттэйд59 кг-ыг өргөхөд хүмүүс “Чи өмнөхөөсөө сайжирсан байна” гэж урам өгсөн юм. Б.Дөрвөнжин багш шигшээ багийнхныг удирдан бэлтгэл хийлгэж, намайг дасгалжуулах завгүй боллоо. Тиймээс бие дааж, тэмцээнд хамт оролцдог тамирчидтай бэлтгэлээ үргэлжлүүлэв. Тэд “Чамд хүч, тамир байна. Шүдээ зуугаад дээш нь өргөөд бай” гэнэ. Жилийн дараа ДАШТ-д таван тамирчны хамт оролцохоор Украиныг зорилоо.
-ДАШТ-д анх оролцохдоо өрсөлдөгчдөө хараад ямар бодол төрсөн бэ?
-Тэмцээний хоёр дахь өдөр тэнд ирсэн оролцогчдоос Британийн тамирчин Сандра Смит намайг харчихаад инээж байна. Түүнийг жиндээ долоон жил дараалж түрүүлсэн “босоо аварга” гэж хүмүүсийн ярихыг өмнө сонссон юм. Бид аваргын төлөө өрсөлдөв. Тэрбээр огцом өргөлтөөр 55, түлхэлттэйд 65 кг-ыг өргөж тэр жил аварга боллоо. Би огцом өргөлтөөр 53, түлхэлттэйд 60 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн. Монголоос явсан тамирчдаас хоёр нь медаль зүүснийнэг нь би. Нэг өдөр бэлтгэл хийхээр зааланд ирэхдээ ХБНГУ-ын Франкфурт хотод олон улсын эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн гран при тэмцээн болох зар олж харлаа. Шинэ он гаргаад хоёрдугаар сард нэг ч хүн танихгүй, хэл ч мэдэхгүй намайг тус улсад хөл тавихад Элчин сайдын яамнаас нэг хүн тосож авав. Миний жинд олон тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид иржээ. Би тэдэнд өмнө нь огт хараагүй шинэ танил байв. Огцом өргөлтийн төрөлд 57 кг-ыг захиалаад өргөчихлөө. Хөнгөн санагдахаар нь дараагийн захиалгаа 60 кг болгоход тэд их гайхсан. Тэр үед тэднээс илүү кг-ыг захиалснаа мэдээгүй. Би огцом өргөлтөөр алтан медалийн болзол хангасан. Миний хувьд түлхэлттэй өргөлтийг огцомоос илүү өргөдөг. Тиймээс 75, 80 кг-ыг захиалж өргөөд түрүүлсэн. Төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй огшиж, нулимс унагасан. Тэр үед өөрийгөө тэгж их баярлана гэж бодоогүй. Тэгтэл “Монгол, Монгол” гээд хашхирахыг сонсоод хэн намайг дэмжихээр ирдэг билээ гээд гайхаад хартал Элчин сайдын яамныхан медаль хүртэхийг хараад баярлачихсан зогсож байв.
-Үүнээс өмнө та АНУ-д 2014 онд зохион байгуулсан, Холливудын од Арнольд Шварцнеггерийн нэрэмжит дэлхийн нээлттэй фестиваль болоход эх орноо төлөөлж, оролцсон санагдана.
-Тэр жил фестивалийнтэмцээний төрөлд хүндийг өргөлт багтсан юм. Азиас Монголын туйванч түрүүлнэгэж үзэгчид төсөөлөөгүй байх. Арнольд Шварцнеггер тэмцээний өндөрлөсний дараа медаль хүртсэн тамирчдыг хүлээж авахдаа надаас “Монгол тамирчин түрүүлсэн нь үнэн үү. Та ганцаараа ирж оролцсон уу” гэж асуугаад ихэд гайхаж билээ. Кинонд тоглосныг ньзурагтаар л хардаг байсан надад дэлхийн одыг дэргэдээс нь харж, гар барин зургаа авахуулах зүүд мэт санагдсан. Түүнээс хойш тус фестивальд хүндийг өргөлтийг оруулаагүй. Тэмцээнийх нь төрөлд ганц удаа багтахад нь оролцож, алтан медаль хүртсэнээ ховорхон тохиох аз гэж боддог. Тэр тэмцээнд би нийлбэрдүнгээр138 кг-ыг өргөсөн юм.
-Канадад болсон ДАШТ-д хэрхэн оролцсон тухайгаа сонирхуулаач. Тэмцээн болгон онцлогтой болж, дурсамж үлдээдэг шүү дээ.
-Хамгийн сүүлд Канадад 2019 онд болсон ДАШТ-д оролцохын өмнө гар хавдаж, штангийн гол төмрийг атгаж чадахгүй байлаа. Монголоос Гавьяат тамирчин Ш.Лхагваа бид хоёр оролцсон. Миний жинд АНУ-аас биерхүү, өндөр хоёр тамирчин өрсөлдөхөөр ирснийг хараад эхэндээ сүрдэж, сэтгэлээр унав. Би огцом өргөлтөд 55, нөгөө хоёр 60, 65 кг-ыг захиалав. Тэр үед медальгүй буцах вий гэдэг бодол их төрсөн. Тэнд амьдардаг монголчууд надад сэтгэлийн дэм өгч, их тусалсан шүү. Огцом өргөлтөөр 55 кг-ыг өргөх амаргүй байсан тул хоёр дахь захиалгаа 58 кг болгож өргөлөө. Гар хавдаж, халуурч байсан ч урам орж, гурав дахь захиалгаа 61 кг болгов. Тэгтэл 60 кг-ыг захиалсан АНУ-ын тамирчин эхний өргөлтөө даасангүй, дахиж хоёр удаа захиалаад ч барсангүй. Намайг хүндийг өргөлтөд хөл тавихаас өмнө олон орны эмэгтэйчүүд хичээллээд эхэлснийг хожим мэдсэн. Тэд Монголын тамирчин оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг тухай сонсоод судалсан байв. Огцом өргөлтөд 65 кг-ыг захиалсан нөгөө тамирчин нь бас алдчихав. Тэрбээр хоёр, гурав дахь захиалгаа 67 кг болгосон ч мөн өргөж дийлсэнгүй. Миний хувьд огцом өргөлтөөр алтан медаль хүртэх боломж бүрдсэн тул сэтгэл тайвширсан. Дараа нь түлхэлттэйд 75 кг-ыг өргөж, 78, 79 кг-ыг захиалаад алдсан ч түрүүлсэн юм.
-ДАШТ-ий хошой мөнгөн медаль танд хойшид амжилт гаргах боломж буйг мэдрүүлсэн биз?
-2012 онд болсон ДАШТ-ий мөнгөн медаль амжилт даллаж, шагналын буухиаг таслаагүй. Тэр үед тив, дэлхийн тэмцээнд оролцоход надад боломж байгааг ойлгосон юм. Дараа жил нь Малайзад зохион байгуулсан, “Дэлхийн цом”-д түрүүлсэн. Тэр жил Азийн АШТ, ДАШТ, “Дэлхийн цом”, гран прид өрсөлдөж, алтан медаль зүүсэн минь миний амьдралд тохиосон хамгийн сайхан баярт агшин байв.
-Таныг аавынхаа талаас бөхийн удамтай гэж сонссон. Булган аймгийн Хангал сумын уугуул, Гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндорж аавын тань төрсөн ах гэл үү. Бөхийн хорхойтнууд удмыг нь залгаж, ах, дүүсээс нь сайн бөх төрөх болов уу гэж хардаг шиг санагдсан.
-Тийм ээ. Тэрбээр үндэсний бөхөөр олон жил барилдаж, уран, дархан мэхээрээ олны сэтгэлд хоногшиж үлдсэн. Даруу төлөв зантай, сайхан хүн байлаа. Эцэг, эхээс хоёулаа. Авга ах найман хүү, гурван охинтой ч бөх болсон хүн одоогоор алга. Бага охиных нь хүү сүмогоор хичээллэдэг байхдаа бэртэл авч, дэвжээнд дахиж гараагүй. Ач, зээ нарынх нь үр хүүхдүүдээс удмыг нь залгах сайн бөх төрнө гэж боддог. Ах спортын жаргал, зовлонг мэдэрсэн болохоор хөвгүүдээ бөх бол гэж шаардаагүй байх. Манай удамд бөх төрөөгүй ч хүч бяр, тэнхээ бий. Миний хувьд хүүгээ бөхөөр хичээллэхийг зөвлөсөн ч нэг их сонирхоогүй. Би зээ хүүгээ жүдогоор хичээллүүлж, тамирчин болгохыг хүсдэг. Манайх хүү, охинтой. Охин минь хоёр хүүхэдтэй. Ач хүүгээ 2011 онд төрөхөд би гадаадын тэмцээнд оролцож эхэлсэн.
-Гадаадын тамирчидтай нөхөрлөж, мэдээлэл солилцдог уу?
-Миний жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Сандра Смит. Тэрбээр 2013 оноос надад ялагдаж, мөнгөн медальтай нутаг буцах болсон. Бид хэдийгээр өрсөлдөгч гэлээ тэмцээний үед нэгэндээ амжилт хүсдэг. Сүүлийн үед и-мэйлээр байнга харилцаж, мэдээлэл солилцож байгаа. Наадмын өмнө тэрбээр “Чи Польшид есдүгээр сард болох ДАШТ-д оролцох уу. Би өрсөлдөнө, чамайг хүлээж байгаа шүү. Уулзалгүй гурван жил боллоо, маш их санаж байна” гэж бичсэн байв. Намайг оролцсон тэмцээнүүдэд түрүүлэхэд шүүгчид “Чи хичээллээд удаагүй хэрнээ ямар их хүч, бяртай юм бэ” гээд сэргээшийн шинжилгээ авахад нь зүгээр гардаг. Европын тамирчид “Монголчууд мах иддэг болохоор хүчтэй байдаг” гэж ойлгодог юм билээ.
-Финландад ирэх жил зохион байгуулах ДАШТ-д таныг оролцоно гэдэгт итгэлтэй байна.
-Оролцолгүй яах вэ. Би гуравдугаар сараас Гавьяат дасгалжуулагч С.Хөхөө багшийн удирдлагад бэлтгэлээ базааж, техниктээ анхаарал хандуулж байгаа. Цар тахлын хөл хориотой байсан хоёр жилд бэлтгэлийн заалаа их үгүйлсэн. Миний хувьд өрсөлдөгчдийнхөө ур чадварыг өөрийнхтэйгөө харьцуулах дуртай. Тэд техник сайтай. Ямар ч спортын техникийг эхнээс нь зөв сурахгүй бол хойшид засардаггүйг сайтар ойлгосон.
-ДАШТ-д долоон жил босоо байсан Сандра Смит аварга түрүү байраа танд алдчихаад гонсойсон болов уу?
-Түүнийг анх харчихаад их сүрдэж билээ. Долоон жил дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн тэрбээр 2014, 2019 оны ДАШТ-д оролцоогүй. Түүний түлхэлтийн техник гайхамшигтай. Тэрбээр тэмцээнд оролцохын зэрэгцээ шүүгчээр ажилладаг. 2015 оны ДАШТ-ийг дэнслэхдээ “Миний хөл бэртэлтэй тул оролцохгүй. Чамд амжилт хүсье, аварга болоорой” гээд урам өгч билээ.
Тэмцээнээс хүртсэн шагналуудынхаа дээр ямар медалиа залсан бэ?
-ДАШТ-ий анхны мөнгөн медаль араасаа амжилт дагуулж, олон тэмцээнд оролцох урам хайрласан болохоор их хайртай. Хань, хүүхдүүд минь ойлгож, дэмждэгийн хүчинд амжилт гаргасан. Залуудаа гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг байсан бол одоо нөхөр бүхнийг хариуцдаг болсон. Амжилт гаргадаг болох үеэс хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, найз нөхдийн хүрээлэл тэлсэн дээ. Би хүндийг өргөлтөөр хичээллэдгээ хүмүүсээс ихэндээ нуудаг байв. Би их азтай. Халамжтай ханьтай. Надаас илүү гэр цэвэрлэж, малгай, хувцас оёно шүү дээ. Нөхрийг минь Ж.Цэрэндорж гэдэг. Ханийн минь аав, ээж Баянхонгор аймгийнх. Долоон хүүгээ багаас нь бие даалгаж, ажилсаг, нямбай өсгөсөн. Тамирчин хүн гэр бүлийн дэмжлэггүйгээр урагшлахгүй. Амжилтаа ахиулахад ханийн итгэл, найдвар, дэм тус маш их нөлөөлдөг. Намайг гадаадын тэмцээнд оролцохоор болбол хэрэгтэй бүх зүйлийг зэхэж бэлддэг юм. Тэтгэврийн хэдэн төгрөгөө хадгалж байгаад тэмцээний зардалд нэмэрлээрэй гээд өгнө. Хүү нэг өдөр “Ааваас мөнгө зээлэх гэхээр байхгүй гэнэ. Таныг тэмцээнд явах болохоор мөнгөтэй болчихдог юм” гэж билээ.