-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын цалинг 50 хувиар нэмбэл төсөвт 220 тэрбум төгрөгийн дарамт үүснэ-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдөр өглөө 07.00 цагаас тус үйлдвэрийн Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс ажил хаялт эхлүүллээ.
Ажил хаялттай холбогдуулан өчигдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаанаас ажилчдадаа уриалга гаргасан. Мөн өнөөдөр өглөө ажил хаялт эхлэхтэй зэрэгцэн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх гол саналыг оруулж ирсэн. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, Үйлдвэрчний эвлэлтэй хийсэн “Хамтын гэрээ”-нд тусгагдсан бүх заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч өнгөрөгч хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсон Ж.Мөнгөншагай дээрх хамтын гэрээг өөрчилж, зарим заалтуудыг шинэчлэх санал дэвшүүлсэн. Энэ хүрээнд зургаан удаа хуралдаж, олон асуудалд хамтын зөвшилцөлд хүрсэн. Зөвхөн үндсэн цалинг 50 хувьд хүргэх асуудалд санал нэгдээгүй. Учир нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд Ж.Мөнгөншагай өрсөлдөхдөө үндсэн цалинг 50 хувиар нэмэх саналыг оруулж ирсэн байдаг. Тухайн үед тус заалтыг биелэх боломжгүй тухай үйлдвэрийн зүгээс мэдэгдэл гаргаж байсан. Энэ асуудлыг хамтарсан хурлын үеэр илэрхийлэхэд дэгээ зөрчиж, хурлыг хаяж гарсан. Үйлдвэрийн зүгээс үүссэн асуудлаар шүүхэд хандсан” гэдгээ мэдэгдлээ.
Харин “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс өөр байр суурь илэрхийлж байгаа юм. Тодруулбал, Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа 7000 гаруй уурхайчдын асуудлыг хөндөж, “Хамтын гэрээ”-ний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн гэж үзсэн. Гэвч үйлдвэрийн захиргаанаас хүлээн аваагүй. 2023 оны нэгдүгээр сараас “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн. Хамгийн сүүлд наймдугаар сарын 3-нд албан бичгээ өгсөн. Хуулийн хүрээнд хамтрахыг хүссэн ч хариу тайлбар өгөөгүй” гэдгээ илэрхийлсэн.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Тиймээс ажилчдын цалинг 50 хувиар нэмэхэд төсөвт 220 тэрбум төгрөгийн дарамт үүсэх эрсдэл бий. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлж, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс шатлалтайгаар цалинг нэмэгдүүлэх саналыг оруулж ирсэн байна. Тодруулбал, 2024 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдсанаар 2024 онд 15 хувь, 2025 онд 15 хувь, 2026 онд 15 хувиар тус тус нэмэгдүүлж, гурван жилийн хугацаанд 2023 оны цалингийн нэмэгдлийг оролцуулаад 56 хувиар нэмэх тооцоог танилцуулжээ. Гэвч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс 2024 оны нэгдүгээр сараас цалинг нэг удаа нэмэгдүүлэх саналд хатуу байр суурьтай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын дундаж цалин 4026000 төгрөгөөр илэрхийлэгдэж байна. Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1579000 төг байдаг. Тус үйлдвэрийн ажилчдын цалин иргэдийн дундаж цалингаас 1.5-3 дахин өндөр байгаа юм.
Тодруулбал,
Ил уурхайн ажилчдын цалин /дундаж/
2022 онд 5218178төг
2023/7 сард 6138826 төг
Ил уурхайн операторын цалин 8-9 сая
Автотээврийн цехийн цалин /дундаж/
2022 онд 4414207 төг
2023/7 сард 5370118 төг
Автотээврийн цехийн хүнд даацын өөрөө буулгагч машины оператор 8-9 сая
Үйлдвэрийн газрын дундаж цалин
2022 онд 4026339 төг
2023/7 сард 4773888 төг
Автобусны жолооч нарын цалин 3,1 сая төг
Ийнхүү “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны зүгээс “Ажилчид цалингаас болж хохирсон зүйл байхгүй, цалинг 50 хувиар шууд нэмэх нь тооцоо судалгаагүй, эрсдэл дагуулсан асуудал” гэж үзэж байгаа бол тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс ажилчдын цалинг 50 хувиар нэмэх саналд хатуу байр суурьтай байж, ажил хаялт зарлалаа.