Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтод орших Бумбатын булаг орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Бумбатын булгийн усыг зуслангийн бүсэд оршин суугчид ундандаа ашигласаар иржээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, хуурайшилт ихэссэн, хотжилт тэлэх болсон тул эл булгийг унаган төрхөөр нь хамгаалах шаардлага үүссэнийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид онцлов. Ингэснээр иргэдийн хэрэглээний болон ундны усан хангамжийг орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх аж. Түүнчлэн ус бүрэлдэн тогтох эхийг цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, цаашлаад байгалийн аясаар нөхөн сэргэх боломж нь хангагдах гэнэ. Мөн тухайн хэсгийн ургамал, амьтны өсөж үржих таатай нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхийг төлөөлөгчид онцоллоо. Тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталснаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.