БНХАУ-д зохион байгуулж буй Олон улсын дугуйн холбооны хуваарьт тэмцээний нэг, “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Tour of Poyang lake” олон өдрийн уралдаанд Монголын шигшээ багийнхан 24 багийн 144 тамирчинтай хурд сорилоо. Тэднээс Азийн аварга, ОУХМ Б.Марал-Эрдэнэ хоёр дахь өдрийн тэмцээнд түрүүлж долоо, Б.Идэрболд V байр эзлэн 10 оноо авснаар багтаа 17 оноо авчрав. Манайхан одоогоор дэлхийд чансаагаараа 34, Азид III байрт бичигдэж, олимпын эрхийн нэг байраа (нийт1189 оноо) хадгалсаар явна. Өмнө холимпын наадамд эхний 45 улс, 190 дугуйчин эрх авч оролцсон бол ирэх жил 95 дугуйчин өрсөлдөх нь. Парисын олимпын эрхийн оноо авах тэмцээн аравдугаар сарын 17-нд хаагдах юм. Үүнээс өмнө “Ферей Монголиа” шигшээ багийнхан энэ сарын 23-25-нд болох “Tour of Bingzhou”, 23-30-нд“Tour of Langkawi”, аравдугаар сарын 3-5-нд Ханжоугийн Азийн наадам, 6-9-нд “Tour of Kyushi”, 5-9, 14-16-нд “Trans Himalaya” уралдаанд оролцож, олимпын эрхийн оноогоо ахиулах боломжтой юм. Сонирхуулахад, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын захиалгаар Улиастайн гүүрний зүүн талд олимпын төрөл болох “ВМХ racing” төрлийн дугуйн 350 метрийн замыг арван хоёрдугаар сард ашиглалтад оруулах аж. Энэ төрөл нь 1970 онд АНУ-ын Калифорни мужид хөгжсөнөөр Олон улсын ВМХ дугуйн холбоо 1981 онд байгуулагдсан түүхтэй. Дугуйн спортын ДАШТ 1982 онд болж, 1993 оноос Дэлхийн дугуйн холбооноос зохион байгуулдаг тэмцээний нэг төрөлд багтжээ. Улмаар 2008 оноос Бээжингийн олимпын наадамд албан ёсоор орсон юм.