Эрүүл мэндийн чухал тусламж, үйлчилгээ болох хөдөлгөөн болон хөдөлмөр заслын талаарх ойлголт манай улсын эмнэлгүүдэд хангалтгүй, үйлчлүүлэгч нар ч төдийлөн мэддэггүй байв. Үүнд ахиц дэвшил гарсан, эсэхийг сурвалжиллаа.
ГССҮТ хөдөлгөөн засалчидтай байсан. Саяхнаас хөдөлмөр засалчид ажилладаг болсон аж. Тус төвийн салбар, 11 дүгээр хороололд ашиглалтад оруулаад удаагүй байгаа эмнэлэгт очлоо. Хана, шал нь гялалзсан, цэвэр, цэмцгэр орчин угтав. Гуравдугаар давхарт нь Сэргээн засах өрөө байдаг юм байна. Хөдөлмөр засалч Г.Энхзултай уулзаж эмчилгээ, үйлчилгээ хэрхэн явуулдгийг нь харах гэсэн боловч хоцорчээ. Одоогийн байдлаар амбулаториор гурван л хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэд өглөө эрт эмчилгээндээ ирээд явчихдаг аж. Харин тасагт нэлээд хэдэн хүнд үйлчилж буйюм билээ.
Энэ хоёр төрлийн мэргэжлийн онцлог, хэрэгцээний талаар судалж, сурвалжилж яваа болохоор Г.Энхзулаас тодрууллаа. Тэрбээр “Манай энэ салбар эмнэлэгт гурван хүн хөдөлмөр засалчаар ажилладгийн нэг нь би. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд дөрвөн жил сураад, өнгөрсөн хавар бакалавр зэрэгтэй төгссөн. Би амбулаторид ажилладаг. Тасагт хоёр хөдөлмөр засалч бий. Ер нь ГССҮТ-ийн хэмжээнд нийт тавуул. Хүмүүст янз янзын үйлчилгээ үзүүлдэг ч голлодог нь гар сарвуу, дээд мөчний түлэгдэл, гэмтэлтэй хүмүүст эмчилгээ, засал хийдэг. Хүзүү, нүүр, гарын түлэгдэлтэй, шөрмөс тасарсан, булчин суларсан, тохой, хуруу хугарсан, бяцарсан хүмүүст хөдөлмөр заслын үйлчилгээ үзүүлдэг. Сорвины менежмент гэж бий. Мэс засал, түлэгдлийн дараах сорвийг таталдахгүй, сул байлгаж эдгээхийг хэлдэг юм. Тухайлбал, бугуйнд сорви үүссэн байвал арьс чангарсны улмаас гараа бүрэн атгаж чаддаггүй.
Ийм тохиолдолд булчинг нь сулруулах замаар арьсыг нь зөөлрүүлж, сунгаж өгдөг. Улмаар гар атгах, хуруугаар чимхэх хүч, хөдөлгөөнийг сайжруулах засал хийдэг. Мэс засал, түлэгдэл зэргийн дараа, шинэ дээр нь хийхгүй бол засрахгүй талдаа. Өөрөөр хэлбэл, арьс нь таталдаж эдгэх магадлалтай. Тэгвэл хүмүүст тавгүйтэх, сэтгэлээр унах, ичих, өөртөө итгэх байдал алдагдах, улмаар хөдөлмөрийн бүтээмж муудах зэрэг уршигтай. Бас өвдөлтийг болон хаванг нь багасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Булчингийн үйл ажиллагааны хэвийн байдлыг амралт болон идэвхтэй үйл ажиллагааг нь зохицуулах замаар хангадаг. Эдгээрийг тус бүрт нь менежмент гэдэг. Хугарал, бяцралын үед төмөр суулгуулж, эсвэл гипсдүүлээд 40 гаруй хоноход гар, хөл хөдлөхгүй, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь алдагддаг. Энэ үед хэвийн үйл ажиллагааг нь сэргээж, булчингийн хүчийг сайжруулах эмчилгээ хийдэг. Гэмтсэн хүмүүст хөдөлмөр заслын эмчилгээ хийхэд үр дүн нь эрт мэдэгддэг. Тархинд нь цус харвасан бол харьцангуй удаж сайжирдаг. Би дурлаж мэргэжлээ эзэмшсэн. Гэмтлийн эмнэлэгт ажиллахыг ч дурлаж сонгосон. Хүний тасарсан шөрмөсийг эдгээх, эдгэж байгаа явцыг анзаарахад эмчилгээ сайн авч байгааг нь мэдэх зэргээс урамшина. Би анх сувилагчийн ангид орсон юм. Гэтэл өөр сонирхолтой ангиуд байсан. Ялангуяа хөдөлгөөн, хөдөлмөр заслын ангийнхны судалж буй хичээлүүд таалагдахаар нь шилжчихсэн юм. Аав, ээж зөвшөөрөхгүй байсан ч хөдөлмөр засалчид нь хүний оюун сэтгэхүй, танин мэдэхүйн үйл явцыг ч судалж, тусламж, үйлчилгээ үзүүлдэг болохыг мэдээд сонирхсон” хэмээн ярилаа.
Бид АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг зорьж очин, хөдөлмөр заслын багш, анагаах ухааны магистр С.Булганчимэгээс товч мэдээлэл авсан юм. Тэрбээр “Хөдөлгөөн болон хөдөлмөр засалч эрэлттэй байгаа нь судалгаагаар харагддаг. Зургаа, долоон жил багшлах хугацаандаа асуудлыг олон талаас нь харж, авч үзэж ирлээ. Манай эрүүл мэндийн тогтолцоо тухайн үеийн ЗХУ-ынхыг хуулбарласан маягтай байлаа шүү дээ. Тэр үед хойд хөршид ийм мэргэжилтнүүд байгаагүй юм билээ. Одоо ч гэсэн тогтолцоо тэр үеийнхээс бараг өөрчлөгдөөгүй. Гэтэл өндөр хөгжилтэй бусад улс оронд эдгээр мэргэжлийг хөгжүүлээд доод тал нь 50-60 жил болжээ. Тэгэхээр тусламж, үйлчилгээний чанар хөгжсөн, хүмүүс нь ч үйлчлүүлж дадсан байдаг. Үүнийг дагаад мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ажиллагсдын цалин хөлс зэрэг нь өндөр түвшинд байдаг. Манай улсад эдгээр чиглэлд мэргэжилтэн бэлтгэж эхлэх үед эрүүл мэндийн салбарт ажилладаг бусад мэргэжилтэн, мөн тусламж, үйлчилгээ авч буй хүмүүс ойлгож хүлээж авдаггүй байсан. Одоо нөхцөл байдал харьцангуй дээрдсэн. Дөрөв, таван жилийн өмнөхтэй харьцуулахад иргэд мэддэг болж. Хөдөлгөөн болон хөдөлмөр засал гэж ялгаатайг ойлгож эхэлсэн. Аливаа мэргэжлийн салбарын хөгжил үе шаттай явагддагийг харж байна.
Үйлчилгээ авч, үр дүнг нь үзсэн хүн олон. Гагцхүү тогтолцоотой холбоотой асуудал байгаа хэвээр. Зарим хүн эдгээр үйлчилгээг урт хугацаанд, багадаа хоёр сар, магадгүй насан турш авах шаардлага гардаг. Гэтэл манай төрөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний хоног хугацаа бага болохоор үр дүн сайнгүй байх талтай. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд баталсан0/1, 0/3, 0/8 гэсэн шинэ тогтоолоор тусламж, үйлчилгээг 12 оношоор өгнө гээд, шалгуурыг нь тогтоогоод, хэвтэн эмчлүүлж буй хүмүүст даатгалаас мөнгө олгодог болсон нь давуу тал. Тархинд нь цус харвасан хүнд 14 хоногоор бодож мөнгө олгож байна. Энэ нь ердийн буюу эмнэлгийн ор хоногийг тоолж олгодогтой харьцуулахад хэд хоногоор илүү ч чамлалттай. Тархинд нь цус харвасан хүмүүст эхний гурван сард нь тасралтгүй, системтэйгээр тусламж, үйлчилгээ үзүүлбэл үр дүн гарна. Харамсалтай нь, төрөөс одоогоор ийм боломжоор хангахгүй юм. Тэгэхээр нэг өнцгөөс харахад хөгжлийн процесс үргэлжилж буй юм болов уу. Хүмүүс танин мэдэж эхэлсэн, үр дүнг тодорхой хэмжээнд харж байна.
Бодлого тодорхойлогч нар бас ойлгож эхэлснийг эдгээр чиглэлийн үйлчилгээг төлбөргүй болгож, эрүүл мэндийн даатгалд хамруулж буйгаас харж болно. Гэхдээ багш бидний, тусламж, үйлчилгээний хүсээд байгаа хугацаа, үр дүн, өвчтөнүүдтэй тулж ажиллаж буй мэргэжилтнүүдийг ойлгох байдал ч хангалттай түвшинд хүрээгүй. Ялангуяа хөдөлмөр заслын үйлчилгээний талаарх ойлголт улсын эмнэлгүүдэд ч сайнгүй байгаагаас шаардагдах багаж хэрэгслээр хангаж чаддаггүй. Мэргэжлийн философийг нь ойлгохгүй байгаагаас юм уу, 1950-1960-аад оны буюу механик парадигмын үеийн гэхээр, гар дээр тулгуурласан дасгал хөдөлгөөн хийлгэх гээд байх шиг. Цаашид энэ байдлыг шинэчилж сайжруулахгүй бол болохгүй. Өнгөрсөн зургадугаар сард бид хөдөлмөр заслын тусламж, үйлчилгээний талаарх анхны “Эргэлтийн цэг” гэж нэрлэсэн олон улсын хурлыг зохион байгуулсан юм. Гадаадаас олон мэргэжилтэн оролцуулсан.
Үүгээр энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг ухралтын байдалтайгаар үзүүлэх юм уу, аль эсвэл эмнэлгийн байгууллагууд идэвхтэй байж, орчин үеийн загвараар хөгжүүлэх үү гэдгээ тодорхойлохыг зорьсон” гэлээ. Түүнчлэн тэрбээ р“Тусламж, үйлчилгээний үр дүнг тооцох үнэлгээний олон арга бий. 2019 онд ЭМЯ-ны дэргэдэх Сэргээн засах мэргэжлийн салбар зөвлөлөөр баталсан үзлэгийн картуудыг эмнэлгүүдэд хөтөлдөг. Харамсалтай нь, тэдгээр нь муу хийсэн картууд. Хөдөлмөр засал гэхээр үйлчлүүлэгчийн гартай, харин хөдөлгөөн засал нь хөлтэй нь ажиллаж, дасгал хийлгэхийг хэлдэг гэж ойлгодог хүмүүсийн гаргасан ажлын дэвтэр гэмээр. Гэтэл хөдөлгөөн засалд гар, хөл, ер нь бүхий л хөдөлгөөн хамаатай. Хөдөлмөр засал гэдэг нь үйлдлээр дамжуулж хийдэг эмчилгээ. Ялгаатай юм. Нэгэнт картыг тэгж хийсэн болохоор эмнэлгүүд одоо ч гэсэн эмчилгээ үйлчилгээг гар, хөлөөр нь ялгаж хийлгэх маягтай байна. Эмнэлгийн удирдлагууд, мэс заслын эмч нар бүгд сэргээн засах үйлчилгээний мөн чанарыг сайтар ойлгож, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамтарч ажиллах юм бол үйлчлүүлэгч нарт нэн тустай” гэж ярилаа.
Эдүгээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимд хөдөлмөр засалчдыг С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, Г.Тунгалаг, Ц.Халиун гэсэн багш нар бэлтгэж буй аж. Багш Б.Мөнх-Эрдэнэ, Х.Ариунаа, Г.Намуун, Д.Батлхам, Б.Янжинсүрэн, Б.Баасанхүү нар бол хөдөлгөөн заслынхан. Дээр дурдсан Сэргээн засах мэргэжлийн салбар зөвлөлд тэд байдаггүй. Гэсэн ч тэд 2021 онд шинээр байгуулсан салбар зөвлөлтэй хамтран ажиллаж, хөдөлгөөн, хөдөлмөр засал шаардлагатай хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамаарах даатгалын шалгуур үзүүлэлтүүдийг, үзлэгийн картуудыг ч өөрчилье гэсэн саналуудаа тусгаж хүргүүлсэн юм билээ. Гэвч үүнийг нь ЭМЯ яагаад ч юм хүлээж аваагүй гэнэ.
Хөдөлмөр болон хөдөлгөөн засалч мэргэжлээр суралцагсдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс төрөөс даах болсон. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн хөдөлгөөн заслын 45 оюутан сургах багтаамжтай ангид 48 хүүхэд элссэн аж. Харин мөн 45 оюутан сургах хүчин чадалтай ангид 27 хүүхэд элсжээ. АШУҮИС 2011 оноос хойш255 хөдөлгөөн засалч бэлтгэн төгсгөсөн бөгөөд өдгөө бүгд ажилтай. Хөдөлмөр засалчийг 2014 оноос хойш бэлдэж, 44 мэргэжилтэн төгсгөсөн нь мөн л бүгд ажил эрхэлж буй аж. Нийгэмд эрэлттэй, орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлбэл зохих мэргэжлийн эргэн тойронд сурвалжилж, мэдээлэл бэлтгэхэд ийм байна.