“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь үгүй болох аюул нүүрлээд байна. Дэлхийн агаарын дундаж температур өнөөдөр 2.1 хэмээр нэмэгдсэн, 2050 онд хэрхэхийг таашгүй. Иймд нүүрстөрөгчийг саармагжуулах сайжруулсан технологи нэвтрүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна” гэдгийг онцолсон юм.
Өнөөдрийн чуулга уулзалтаар Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Маргааш Эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдэл, эрчим хүчний аюулгүй байдал, Сэргээгдэх эрчим хүчний улс төрийн эдийн засаг ба эрчим хүчний аюулгүй байдал, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ, Боловсрол ба эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ, Тэгш эрх ба эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ гэсэн сэдвүүдийн дор болно. “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад долоон орны 160 гаруй төлөөлөгч оролцож байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцлоо. Тэрбээр “Эрчим хүчний аюулгүй байдлын үндсэн зарчим нь бидний өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг хангасан эрчим хүчний тогтвортой байдал, найдвартай хангамжийн цогц юм. Энэхүү үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшил, экологийн тогтвортой байдлыг хангах үндсэн суурь болж өгдөг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал болоод эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт илүү өргөн ухагдахуунтай болж байна. Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллах болно. Бид эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн хэлбэлзлийн эсрэг баттай зогсож чадна. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байна” гэдгээ илэрхийллээ.