Малчдын жилийн дөрвөн улирал, 24 цагийн хөдөлмөрийг үнэ цэнтэй байлгах, малаас авсан ашиг шимийг нь эргэлтэд оруулах, тэднийг орлоготой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс нэгэн чухал ажлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулав. “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгт хоймор нутгийн 23 сум, 1 тосгоноос 170 иргэн, 16 аж ахуйн нэгж оролцож, Шадар ван Чингүнжавын талбайд өөрсдийн хийж, боловсруулсан 250 гаруй бүтээгдэхүүнээ нутгийн иргэд, айлчин гийчиндээ дэлгэлээ. Энд нэг зүйлийг онцлоход эл үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн бүх зүйл органик байлаа. Нутгийн малчид органик цагаан идээ, мал махаа борлуулж, үйлдвэрлэгчид нь ганд дэвтээж, гараар элдсэн арьс шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эмээл хазаар, ногт, чөдөр, дээл хувцас арилжиж, ногоочид нь цэвэр хөрсөнд тариалсан, бордоогүй ногоо, дархчуул нь байгалиас авсан ургамал модоор хийсэн чамин ганган бүтээгдэхүүнээ дэлгэж, ждү-чид эсгий туурга, нэрийн бүтээгдэхүүнүүдээ авчирсан юм. Тиймээс хол, ойрын гийчид органик бүтээгдэхүүнд гар таталгүй, халаасаа хоосолж, нутгийн суурин газар суудаг иргэд ч багагүй худалдан авалт хийсэн.
Өдөрлөгөөр үзэсгэлэн, худалдаанаас гадна “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн.
“Мөрөн Агра” ХХК-ийн кластер төслийн зөвлөх Д.Амарбаясгалан илтгэлдээ "Хөвсгөл аймаг органик мах бэлтгэлийн тухай ярьж байгаа нь яг энэ цаг үеийн чухал асуудал. Манай компани органик мах бэлтгэж, экспортод гаргах чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Тосонцэнгэл сумын малчин өрхүүдийн малчдыг чадавхжуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хамтран тэжээлээ бэлтгэдэг байх зэргээр хоршиж ажиллах тогтолцоог бий болгохоор ажлаа эхлүүллээ. Өнөөдөр Монгол улсад 170 орчим махны үйлдвэр ажиллаж, жилдээ 30-90 тонн мах экспортолдог. Экспортын дундаж үнэ 2.3 ам.доллар. Аль аль нь чамлахаар тоо. Бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд дэлхийг гайхшруулах хямд үнэ. Бид органик махаа үнэ хүргэж экспортлож чаддаг байх хэрэгтэй. Үүнд хэд хэдэн шаардлага тавигдана. Шийдлийг бид олсон" гэж онцолсон.
Үүнээс гадна хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, уламжлалт идээ ундаагаа сурталчилна билээ. Мөн хоолны шоу үзүүлбэр болсон юм. Энэ үеэр үзэсгэлэнг сонирхож, басхүү худалдан авалт хийхээр ирсэн иргэд эрүүл агаар, чанартай хөрсөнд тарьж, ургуулсан зүсэн зүйлийн хүнсний ногоо, усны сайныг ууж, өвсний сорыг идсэн малын махаар хийсэн олон төрлийн чамин хоолыг амсах төдий бус, өдрийн зоогоо үнэгүй хүртсэн.
Энэ бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах” тухай 36 дугаар тогтоол буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилгод яв цав нийцэж байгаа юм.
Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн хэвээр байна. Ямаан сүргийн тоогоор ч улсад нэгдүгээрт ордог, жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлдэг юм байна.
Мөн тус аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр тогтоогдсон.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаярын мэдээлснээр Хөвсгөл, мал аж ахуйн салбарт жилд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн эргэлдүүлдэг. Аймагт мах бэлтгэлийн 7 үйлдвэртэй. Эдгээр үйлдвэрээ экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого барьж, ногоон технологи, инновац шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлж, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татахаар ажиллаж байгаа аж.