Монгол, Германы судлаачид хамтран манай орны зарим бүс нутагт гар далавчтан буюу сарьсан багваахайн биологи, экологийн хээрийн судалгаа хийжээ. Хамтарсан экспедицийнхэн нэг сарын хугацаанд долоон зүйлд хамаарах 200 гаруй бодгалийг бүртгэж, дээж, материал цуглуулсан байна. Мөн энэ үеэрээ зарим зүйлийн жижиг хөхтөн (мэрэгч) амьтдыг ч танджээ. Хоёр орны хамтарсан баг хээрийн ажиглалт, судалгаагаа амжилттай дуусгаснаа зарлаад буй энэ үед ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн “Олон улсын тахь групп”-тэй хамтран Монгол орны говийн бүсэд ховор шувууны судалгааны хоёрдугаар үе шатыг эхлүүлснээ мэдээлэв. Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх ховор шувуудын тархац, тоо толгойг тогтоох мониторингийн судалгааг дээрх байгууллагууд энэ оны зургадугаар сард эхлүүлсэн юм байна. Тэд одоогоор 120 гаруй зүйл жигүүртэн бүртгэсний дотор бужмаг хөөндэй, шарга зөгийч, Алтайн хойлог, ооч ёл, идлэг шонхор зэрэг бүс нутгийн хэмжээнд хэмжээнд төдийгүй олон улсад ховордсон, Монгол оронд тэр бүр харагддаггүй олон шувуу бий аж.