Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ. БОАЖ-ын Сайдаар ахлуулан ажиллаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Алтансаруул, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Цаг Уур орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат болон ХХЕГ-ын хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, хурандаа С.Баярсайхан, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, амьтан судлаач, амьтан хамгааллын чиглэлийн төрийг бус байгууллагуудын судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах,
- 2024 онд хамгааллын ажлын төсвийг улсын төсөвт шинээр суулгах
- Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох
- Жил бүрийн 02.28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох
- ОУ-ын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.