Мароккийн газар хөдлөлтийн үеэр Атласс уулсын хормойд орших жижигхэн тосгоны оршин суугч Тайеб аит Игенбаз 11 настай хүүгээ эсвэл эцэг эхээ нурангиас аврах аймшигт сонголт хийхэд хүрчээ. Энэ тухай BBC сурвалжилсан байна
Өнгөрсөн баасан гарагийн орой Мароккод сүүлийн 60 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт болоход тэрээр эхнэр, хоёр хүүхэд, эцэг эхийнхээ хамт гэртээ байжээ.
"Бүх зүйл нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн. Газар хөдлөлт эхлэхэд бид хаалга руу гүйсэн. Аав унтаж байсан, би ээжийгээ хамт гараарай гэж хашгирсан ч ээж аавыг үлээсээр байсан” гэж тэр дурсав.
Тайеб эхнэр бага хүүхдээ гадагш гаргаад эргээд хартал хүү болон эцэг эх нь хэдийнээ нуранги дор булагдсан байв.
Хүү Адамынх нь гар нуранги дор хөдөлж байхыг тэрбээр олж харжээ.
Чичирхийлэлт үргэлжилж байсан тул цаг бага байгааг мэдсэн Тайеб хүү рүүгээ гүйж очин дээрээс нь дарсан хавтанг нурааж эхэлжээ.
Хажууханд нь том ханан дор эцэг эх нь хэвтэж байв.
"Би эцэг эх, хүү хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй болсон. Хүүгийн дээр унасан хавтан дундуураа хагарсан байсан тул завсаар нь хүүгээ гаргаж авч чадсан. Харин хана ээж аавын тал биеийг дарсан байсан. Би тэднийг аварч чадаагүй. Би тэднийг үхэхийг харсан” гэж Таейб нүдэндээ нулимстай өгүүлэв.
Түүний хэлснээр өөрийнх нь хийсэн сонголт сэтгэлийг нь нэг хором ч амраадаггүй аж.
Тэд өмссөн хувцастайгаа л үлджээ. Тайебын хураасан багахан мөнгө нь нуранги дор үлдэж, цөөн хэдэн ямаа нь мөн л бүгд үхжээ.
"Би дөнгөж төрсөн юм шиг байна. Надад эцэг эх, гэр, хоол, хувцас юу ч байхгүй. Би 50 настай, гэхдээ бүгдийг дахин эхлүүлэх хэрэгтэй боллоо” гэж Тайеб ярьжээ.
Тэр яаж амьдрахаа сайн ойлгоохгүй байгаа ч аав, ээжийнхээ сургаалийг сайн санаж байгаа гэнэ. Тэд “тэвчээртэй байгаарай, шаргуу ажилла, хэзээ ч битгий бууж өг" гэж үргэлж хэлдэг байжээ.
Тайебынхаас хэдхэн минутын зайд, Амизмиз хот руу явах замд өөр нэг аав хүү таарсан байна. Тэд бие биенээ тэврээд зогсож байв.
Абдулмажид аит Жафер газар хөдлөлт болох үед эхнэр, гурван хүүхдийн хамт гэртээ байжээ
Түүний хүү 12 настай Мохамед гарч чадсан ч гэр бүлийн бусад гишүүд тэнд үлджээ.
Абдулмажидын хөл нь нуранги дор дарагдсан байсан ч хөрш нь түүнийг татаж гаргасан байна. Тэгээд эхнэр, нэг охиноо аврах гэж хоёр цаг зарцуулан арай гэж нурангиас гаргаж ирэхэд хоёулаа нас барсан байв.
Маргааш нь хоёр дахь охиных нь цогцсыг байшингийн балгас дороос гаргаж авсан байна.
Одоо 47 настай Абдулмажид хүүгийн хамт нурсан байшингийнхаа эсрэг талд брезент дор унтаж байна.