ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн гидробиологи, загас судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд өнгөрсөн онд Өгий нуурт загасны нөөц, үржлийн судалгаа хийгээд тоо толгой, төрөл зүйлийн тэнцвэрт байдал алдагдсан гэж дүгнэсэн. Тус лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэнгээр ахлуулсан багийнхан энэ жил дахин дөрвөн нуурыг хамруулсан судалгаа хийсний үр дүнд Өгийд бохир усны индикатор зүйл олширч, унаган загасны нөөц багасан, өөр зүйлийнх давамгайлах болсныг тогтоосон юм. Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид эл нуурын ус, намгархаг газарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор Орхон, Чулуут голын сав газрын захиргаатай хамтран судалгаа хийж эхэлжээ. Үүнийхээ хүрээнд усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамлын нөмрөгийн доройтол зэргийг үнэлж, тухайн орон нутгийн иргэд, малчид, аялагчдаас мэдээлэл цуглуулах юм байна. Энэ ажлыг Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемийг хамгаалахад чиглэсэн “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн тогтолцоог боловсруулах нь” төслийн хүрээнд гүйцэтгэж буй гэнэ.