БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилах нь албан ёсоор батлагдав. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдэгдэв.
“Умард Солонгосын Төрийн тэргүүн Ким Жон Ун ойрын өдрүүдэд ОХУ-д айлчилж, шаардлагатай бол Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзана”гэж мэдээнд онцолжээ.
БНАСАУ-ын удирдагчийн сүүлийн 4 жилийн хугацаанд хийх анхны гадаад айлчлалын хөтөлбөрийг аюулгүй байдлын үүднээс зарлаагүй тул Ким Жон Уны очих газрууд болон Оросын ерөнхийлөгчтэй яг юуны талаар ярилцах нь одоогоор мэдэгдээгүй байна.
Ким Жен Ун Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болж буй Владивостокт хүрэлцэн ирж ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай уулзана гэж Yonhap агентлан мэдээлжээ.
Өмнө нь барууны хэвлэлүүдээр Умар Солонгосын удирдагчийг Орост айлчлан зэвсэгт нийлүүлэх боломжийн талаар Путинтэй хэлэлцээ хийхээр зэхэж байна гэсэн мэдээ гарч байсан.
АНУ-ын эрх баригчид БНАСАУ-аас ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлж, тус улсын удирдагч Ким Жөн Унд ийм төлөвлөгөөнөөс татгалзахыг уриалав.
"Бид БНАСАУ-ыг Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй байх талаар өмнө нь хүлээсэн амлалтаа биелүүлэхийг уриалж байна" гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өчигдөр мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 10-ны орой Пхеньянаас Владивосток руу галт тэргээр гарсан тухай Өмнөд Солонгосын төв телевизийн суваг мэдээлжээ.
Хэдий Ким Жон Ун нислэгээс айдаггүй ч гадаадад айлчлахдаа ихэнхдээ хуягласан галт тэргээр явдаг аж. Төмөр замыг илүүд үздэг шалтгаан нь аюулгүй байдлыг баталгаажуулдаг тогтсон арга барилаас гадна Хойд Солонгосын улс төрийн соёлын уламжлалыг чухалчилдагт оршино.
Тиймээс БНАСАУ-ын удирдагч хоёр дахь удаагаа Орос руу 21 жилийн өмнөх аавынхаа адил брэнд болсон ногоон хуягт галт тэргээр хөдөлжээ.