Зам тавих нэрээр иргэдийг горьдоож, хүлээлгэж, байгаль орчин сүйтгэж буй үйлдлийг харахад сэтгэл өвдөнө. Сүүлийн үед “Төсвийн мөнгө уйлахгүй” гэсэн егөө гэхээр эвгүй хэлц гараад буй. Тэгвэл “Газар шороо, хөрс уйлахгүй, үг хэлэхгүй болохоор яасан ч яах вэ” хэмээн хайнга хандсан нөхцөл байдлын талаар энд хөндье. Нийслэлийн Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөн морьт сум руу засмал зам тавих ажлыг 2021 онд, Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөх хавар эхлүүлсэн юм. Гэтэл тэр замыг өнөө хүртэл ашиглалтад оруулдаггүй. Харах нь ээ, асфальтаар хучих шатны ажил дутуу аж. Нэгэнт түүгээр машин явахгүй тул жолооч нар ойр орчмоор нь хүссэн газраараа давхисаар хэчнээн ч эгнээ зам гаргасан юм. Газрын хөрсийг “яргалжээ”. Энд ч шороо овоолчихсон, тэнд ч элс, хайрга авах гээд уулын энгэр яраад хаячихсан. Ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан байгууллага нь тухайн жилдээ замыг тавьчихсан бол байгаль орчинин гэж хаа сайгүй сийчүүлсэн мэт, хэтрүүлбэл, дайнд өртсөн юм шиг болохгүй байв.
Зөвхөн энэ сумд нөхцөл байдал ийм үү. Бусад аймаг, сумд ямар байна вэ гэдгийг тодруулахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд хандахад мэдээлэл өгөхөөс татгалзав. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээс тодруулахад “Бид Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудаас шаарддаг ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Энэ жил тус сумын 100 жилийн ой болсон. Ойг угтуулаад уг замыг ашиглалтад оруулаад өгөөч гэж гуйж хүртэл үзсэн. Улсын төсвөөр тавьж байгаа юм. Хэрвээ орон нутаг хариуцсан бол хэдийн дуусгачих байсан” гэв.
Зам, тээврийн хөгжлийн төвөөс энэ мэтчилэн орон нутагт зам тавих нэрээр газар эвдээд орхичихсон тохиолдол хэр олон байгааг тодруулахаар холбогдоход “Замын их болон ээлжит засварыг графикийн дагуу хийж байгаа. Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Арвайхээр, Мандалговь-Даланзадгад зэрэг чиглэлийн замын засвар 60-90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв. Харин зам тавих гээд “мартчихсан” газруудын талаар мэдээлэл өгсөнгүй. Тэд мэддэггүй юү, эсвэл мэдээлэх хүсэлгүй байна уу. Юутай ч Мөнгөн морьт сумд зам тавьж буй гэх гүйцэтгэгч компанийн нэрийг хэлэхгүй, хаацайлах маягтай тойруулж байлаа.