МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт “Сонгуулиар нэр дэвшүүлэх намын жагсаалтад дарга нарыг багтаадаг гэх ойлголтоос ангид байлгахын тулд бид хичээн ажиллана. Манлайлагчдыг сайдаар ажиллуулах ёстой гэж улс төрийн хүрээнд үзэх нь бий. Өөрөөр хэлбэл, чадвартай, туршлагатай хүмүүсээ жагсаалтын ард нуун оруулж ирж болохгүй гэсэн шаардлагыг намын даргын зүгээс тавьж байгаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог холимог болгосны мөн чанарыг ч ойлгох хэрэгтэй. Жагсаалтаар нийгмийн бүлгийн төлөөлөл болгоныг бүрэн оруулах зорилго тавьж байна” гэж мэдэгдсэн.
Засгийн газрын тэргүүн бөгөөд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар танхимын бүрэлдэхүүнээ шинэчилж, УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайд нарыг олноор нь оруулж ирэхдээ ч “Дараагийн “сонгуульд нэр дэвшихгүй” хэмээх ам өчгийг нь авсан гэдэг. Сөрөг хүчнийг төлөөлж буй АН-ын удирдлага ч үүнтэй агаар нэг зарчим баримтлахаа зарлаж, намын жагсаалтдаа шинэ уур амьсгал оруулах найдвар төрүүлээд буй.
САЙД, ДАРГА НАРААС САЛАНГИД БАЙЛГАЖ ЧАДАХ УУ
Үнэхээр ч намын жагсаалтад дарга, сайд нар л багтдаг гэлтэй ойлголтыг өнгөрсөн хугацаанд ганц удаа холимог тогтолцоогоор сонгууль явуулахдаа бий болгосон нь худлаа биш. УИХ-ын 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар 28 хүнийг сонгоход АН-аас 10, МАН-аас ес, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо, ИЗНН-аас хоёр гишүүн парламентад орж ирж байв. АН-ын жагсаалтыг гэхэд Ерөнхий сайд, тус намын тухайн үеийн дарга Н.Алтанхуяг тэргүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, гишүүн Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, З.Энхболд нарын хүмүүс багтсан бол МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, сайд Ж.Энхбаяр гэх мэт нам болон төрийн өндөр албан тушаалтнууд Ардын намын жагсаалтыг бүрдүүлсэн юм даг. Харин энэ удаа тэд хэлсэн шигээ “гоё” жагсаалт гаргах болов уу. Намын удирдлагууд, нөлөө бүхий улстөрчид нь тойрогт очиж, өөрийн биеэр өрсөлдөх үү. Тэдэнтэй тулгарах саад бэрхшээл, халаагаа өгөхийг үл хүсэх хүмүүсийн дарамт, шахалтыг давах уу.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг харвал намын жагсаалт тийм, ийм байна гэж нарийн тоочсон зүйл үгүй ч тус хуулийн 29.10-т “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзана” гэж заасныг гол зарчим болгох учиртай. Ямартай ч эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэхдээ хулгай хийж, худал хэлсэн улстөрчдийг дээрх жагсаалтад оруулахгүй байхаа зарлаж, бусад намын удирдлагад уриалаад амжсан. Хуулийн зарчим хийгээд хэлсэн, амласнаа бодвол хулгайч, худалч хүмүүс тэдний жагсаалтад багтах учиргүй.
ХҮЙСИЙН ТЭНЦВЭРИЙГ ХУУЛЬЧИЛСАН НЬ
Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болгон залуучууд, эмэгтэйчүүд зэргийг дэмжихээ ч бас илэрхийлээд буй, тэд. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өмнөхийг бодвол тодорхой, ойлгомжтой зохицуулалтууд бас бий. Мэдээж урьдын адил УИХ-ын сонгуульд өрсөлдөгч нь тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвших боломжгүй. Мөн нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар сонгох 48 мандатын хэдэд нь нэр дэвшүүлсэн чбай 50 хувь нь эмэгтэй байх шаардлагатай. Манай улс 2012 онд холимог буюу 48 (мажоритар): 28 (пропорциональ) хувилбараар сонгууль зохион байгуулахад МАН жагсаалтдаа 10 эмэгтэйг л оруулсан байдаг. Ингэхдээ эхний есөн эрэгтэй нэр дэвшигчийн ард буюу аравдугаарт эхний эмэгтэй болох Д.Сарангэрэлийг “зоосон” байх жишээтэй. АН-ынхан жагсаалтынхаа долдугаарт Р.Бурмааг эрэмбэлсэн ч 28 нэр дэвшигчээс ердөө найм нь эмэгтэй байсан юм. Хэдийгээр тухайн үед жагсаалтаар нэр дэвшүүлсэн 190 хүний 90 нь буюу 46.6 хувь нь эмэгтэйчүүд байсан ч 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон 11 эмэгтэйн дөрөв нь пропорциональ хувилбараар гарч ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, жагсаалт дахь эмэгтэй нэр дэвшигчдийн хувийг тойрогт өрсөлдөгчдийнхтэй харьцуулбал хоёр дахин өндөр атлаа дөнгөж дөрвөн бүсгүй сонгогдсон нь чамлалттайг энэ удаа тал талаас нь ярьж, шаардаж байж дээрх 1:1 харьцааг хуульчилчихаад буй хэрэг. Энэ нь намууд тэднийг жагсаалтын сүүл рүү “шидэж”, эмэгтэйчүүдийн квотыг хангаж, тоо бөглөх төдий хэрэгсэл гэж үздэг хандлагыг халах том хөшүүрэг байгаасай хэмээн найдна.
САНХҮҮГИЙН СОРИЛТТОЙ ТУЛГАРАХ ЖАГСААЛТ
Үе сольж чадсан, өдгөө өөрсдөө залуучуудын төлөөлөл болон намаа удирдаж байгаагийн хувьд Ардын намынхан нийгмийн энэ бүлгийн төлөөллийг түлхүү дэмжих магадлалтай. Улс төрийн талбарт улиг болчихсон хүмүүсийг залуу бөгөөд шинэ улстөрчдөөр солих нь эрх баригч намын өнөөгийн удирдлагад ч ээлтэй. АН-ын дарга Л.Гантөмөр ч залуучуудыг дэмжихээ илэрхийлэхийн сацуу салбар, салбараа төлөөлж чадахуйц хүмүүсийг жагсаалтад оруулахаа мэдэгдсэн. Мөн тэрбээр жагсаалтад багтах хүмүүсийг сонгохдоо намын даргын шийдвэрт бус, АН-ын гишүүдийн санал, олон түмний дэмжлэгт тулгуурлахаа зарласан юм. Түүнчлэн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаа МАН-ын дарга мэдэгдсэн. Нөгөө талаас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ сонгуулиар нийгмийн бүлгүүдийг дэмжих зохицуулалтаа орхигдуулахгүй байхыг зорьсон. Тухайлбал, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгасны зэрэгцээ намуудад нэлээд хэдэн үүрэг хүлээлгэхээр хуульчлаад буй.
Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 53.4-т “Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэг нэр дэвшигчийн өгсөн хандивын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон нэр дэвшигчээс тойрогт зарцуулах зардлын хэмжээний дунджаас хэтрэхгүй байна” гэх заалт бий. Өөрөөр хэлбэл, Монголын сонгуулийг үр дүнг тодорхойлогч гол хүчин зүйл болоод буй мөнгөнөөс хараат бусаар нэр дэвшигчид, тэр дундаа жагсаалтад орох хүмүүсийг гаргаж чадах, эсэх нь аль ч намынхны хувьд томоохон сорилт юм. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд “Сонгуулийн зардлыг хамгийн бага түвшинд аваачих ёстой. Намын бүх санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Хандивын хэмжээг нэмж болох ч хэн өгөв гэдэг нь ил тод байх нь чухал. Ил тод болгоогүй нөхцөлд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ ажлыг МАН манлайлахад бэлэн” хэмээн мэдэгдсэн удаатай.
74.3. Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.3.1. санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана;
74.3.2. энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;
74.3.3. энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;
74.3.4. энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, УИХ-ын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна;
74.3.5. энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана;
Тайлбар: “хуваарилагдаагүй суудал” гэж энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нам, эвслийн авсан саналын бүхэл хэсэгт нь ногдох суудал хуваарилахад суудал хуваарилагдаагүй үлдсэн, мөн нам, эвслийн авсан саналд ногдох суудлын тоо нь тухайн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчийн тооноос их тооцогдсоны улмаас суудал хуваарилагдаагүй үлдэхийг ойлгоно.
74.3.6. Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиас