Манай улс уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, орхигдсон газруудыг хамгаалах зорилгоор 2020 онд дөрвөн сайдын хамтарсан тушаалаар салбар дундын ажлын хэсэг байгуулж, “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний хүрээнд 2020-2022 онд 6286 га талбайд техникийн, 2085 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн бол 2023, 2024 онд 5500 га газар “эмчлэх” зорилт дэвшүүлжээ. Тодруулбал, энэ жил 4000 га талбайд техникийн, 1500 га-д биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс эхний ээлжид нөхөн сэргээсэн газруудыг хүлээн аваад буй талаараа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газраас мэдээлэв. БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн орчин, аялал жуулчлалын газар, “Оюу толгой” ХХК-ийн хооронд 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд холбогдох ажлын хэсгийнхний хяналтад гүйцэтгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх 398.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дууссаныг зохих шатны байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тухайн бүс нутаг нь хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас их хэмжээгээр эвдэрч, эзэнгүй орхигдсон учир нөхөн сэргээх шаардлагатай газрын тоонд оруулсан юм.