Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулсан. Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг хиртхийлгэсэн. Цагдаагийн байгууллагад иргэн Э нохойд хазуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн байна. Үүний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх "Toyota" загварын автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоожээ. Улмаар Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу Д, Н, Б, Б нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ташрамд дурдахад, нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.