АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Лхагва гарагт Украинд гэнэтийн айлчлал хийжээ.
Тэрбээр мягмар гарагийн шөнө Польшоос галт тэргээр гарч маргааш өдрийн өглөө нь Киевт ирсэн гэж CNN мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн дарга өөрийн Твиттер хуудастаа бичсэнээр бол Украины сөрөг довтолгоо, ирээдүйд үзүүлэх тусламж, тус улсыг сэргээн босгох хүчин чармайлтын талаар хэлэлцэхээр Киевт иржээ.
Блинкен Украины түншүүдтэйгээ уулзах үеэрээ эдийн засгийн хоригт хамрагдсан Оросын бизнесменүүдээс хураан авсан хөрөнгийг Украины ахмад дайчдыг дэмжихэд зориулна гэдгээ мэдэгджээ.
"Бид анх удаа хоригт хамрагдсан Оросын олигархуудаас хураан авсан хөрөнгийг Украин руу илгээж байна. Энэ нь Украины ахмад дайчдыг дэмжихэд ашиглагдах болно" гэж тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга айлчлалынхаа эхэнд Вашингтон Киевт нэг тэрбум гаруй долларын нэмэлт тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ
2022 оны хоёрдугаар сарын сүүлчээс хойш Вашингтон Киевт 43,2 тэрбум ам.долларын цэргийн, 2,9 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ олгохоос гадна 20,5 тэрбум ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр Дэлхийн банкны механизмаар илгээсэн талаар АНУ-ын Гадаад хэргийн яам тодрууллаа.