Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд орон нутаг дахь ойн ангиудтай хамтран аймаг, нийслэлийн ойн сан дахь 11 байршилд хушны самрын нөөц тогтоох хяналтын тооллого хийхэд наймд нь дунд, гуравт нь бага гарчээ. Тодруулбал, судалгаанд хамруулсан нийт газрын 72.7 хувьд нь самрын ургац дунд, 27.2 хувьд нь бага байсан гэнэ. Тус байгууллага тооллого, судалгааныхаа дүнг нэгтгэн БОАЖЯ-нд илгээжээ. Энэ жил хэр хэмжээний самар бэлтгүүлэхээр шийдвэрлэснийг яамнаас ойрын хугацаанд зарлах юм байна. Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Батын хэлж буйгаар бол нөөц нь дунд үнэлгээтэй гарсан аймгуудад зөвхөн ахуйн зориулалтаар, нэг хүн дээд тал нь 50 кг самар түүх квот тогтоох боломжтой аж. Харин бага нөөцтэй газруудаас ямар ч зориулалтаар самар бэлтгүүлэхгүй буюу өнжөөх журамтай юм байна. Монгол орны хушин ой бүхий нийт нутгаар ургац тааруу байгаатай холбогдуулан энэ төрлийн зөрчлөөс сэргийлэх, ногоон бүсийг хамгаалах зорилгоор тус газар самар хууль бусаар бэлтгэсэнтэй холбоотой мэдээллийг 88074009 дугаарын утас болон байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан иргэдээс авч эхэлжээ.