Хуурайшилт, түймрийн өндөр эрсдэлтэй үе тохиож буйтай холбогдуулан иргэдийг энэ төрлийн болзошгүй аюулаас сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Хавар, намрын ид хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол эрс нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 19 удаа бүртгэгджээ. Хашааныхаа өвс, хог хаягдлаа шатаах үедээ гал алдсан тохиолдол үүний дунд цөөнгүй байж. Алба хаагчид галын аюулаас 173 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
Зөвхөн энэ сарын 2-4-нд улсын хэмжээнд түймрийн долоон дуудлага бүртгэгджээ. Үүний зургаа нь ахуйн түймэр бол нэг нь ой, хээрийнх. Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, Урт жалганы эх хэмээх газарт энэ сарын 2-нд дэгдсэн түймрийн улмаас хоёр га газар шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Орон нутгийн онцгой байдлын байгууллагынхан дуудлага хүлээн авснаас зургаан цагийн дараа түймрийг цурамд оруулж, тархалтыг нь хязгаарлажээ.
Хуурайшилтын үе эхэлсэн тул холбогдох байгууллагууд иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг түгээж байна. Цогтой үнс, нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галаа ил задгай орхихгүй, хог хаягдлаа гадаа шатаахгүй, ойн сан бүхий бүсэд ил задгай гал түлэхгүй байх нь энэ төрлийн эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөөтэй аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл