ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн БНХАУ-ын ШУА-ийн Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн судлаачидтай хамтран Монгол орны цэвдэгтэй бүсэд хамаарах Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсад цаг уурын иж бүрэн таван автомат станц суурилуулжээ. Эдгээрийг Евразийн цэвдгийн урт хугацааны мониторингийн сүлжээ бий болгох зорилгоор Монгол, Орос, Хятад орны бүс нутгийг дайруулан байршуулсан аж. Цаг уурын автомат станцууд нь уур амьсгалын үзүүлэлтүүдийг урт хугацаанд тогтвортой хэмжих төдийгүй ул хөрсний чийг, цэвдгийн температурыг хянах юм байна.
Цаг уурын автомат станц суурилуулах ажлын хүрээнд байгуулсан хээрийн экспедицэд Монголоос Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Хятадын талаас дээрх байгууллагын доктор, профессор Ву Тонхуа, Шаодун Ву болон залуу судлаачид багтжээ.