Уржигдар буюу энэ сарын 2-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг, Сахарын рашаан орчимд цаг агаарын аюулт үзэгдэл болжээ. Цаг хэртэй үргэлжлэн орсон мөндөр, хүчтэй аадрын улмаас трансформатор унаж, тэр хавийн амралтын газар, айлууд цахилгаангүй болсон байна. Хүчтэй, том хэмжээний мөндөр орох үед гадуур зорчих аргагүй, удаан явбал гэмтэх эрсдэлтэй байсныг орон нутгийн зарим иргэн хэллээ.
Тухайн өдөр хэчнээн хэмжээний хур тунадас орсныг Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийнхнөөс тодруулахад “Уньт багт цаг уурын станцгүй учир хэчнээн мм бороо орсныг тооцоолж хэлэх боломжгүй. Зурвас газарт түр зуурын усархаг бороо орсон байх. Аймгийн төв (Булган сумд) орчмоор 24 мм хур тунадас орсон. Салхины хурд борооны өмнө секундэд 18-19 метрт хүрч ширүүссэн” гэв. Харин Онцгой байдлын газрынхан нь “Одоогоор мөндөртэй холбоотой ямар нэг осол, хохирлын дуудлага бүртгэгдээгүй” гэсэн юм. Уньт багийн нутаг дэвсгэрт амьдардаг, амралтын газар ажиллуулдаг хоёр иргэнээс нөхцөл байдлыг тодрууллаа. Тэдний нэг нь “Аадар, мөндөр ээлжлэн 40-50 минут орчим тасралтгүй орлоо. Мөндрийн хэмжээ нь нэлээд том байсан. Бороо ороод удаагүй энэ хавь цахилгаангүй болсон. Трансформатор унаснаас гэмтэл үүссэн гэж сонслоо. Одоо ч (өчигдөр 13.00 цагийн үед) цахилгаангүй байна” гэж мэдээлсэн бол нөгөөх нь “Ойрд ороогүй ширүүн бороо, том мөндөр байлаа. Цахилгаан байн байн цахихаар аянга буух вий гэж их айсан. Энэ борооноор зуны саравчийн маань дээвэр хагарсан” гэв.
Бэлтгэсэн: Н.Мишээл