Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.
"Монголчууд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн улс" гэж Пап Францис онцолсон. Түүний нэг илрэл нь өнөөдөр Улаанбаатар хотноо болж буй 12 шашны төлөөлөл оролцсон уулзалт болов уу.
Тодорхой хэлбэл, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын удирдлага, төлөөллүүдтэй "Хүн" театрт уулзлаа.
Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "“Бурханы шашин, христийн шашин, исламын шашин, хиндү шашин зэрэг дэлхийн голлох шашнуудын ертөнцийг үзэх үзэл өөр хоорондоо ялгаатай хэдий ч даян дэлхий, нийт хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх залбирал, үйл ажиллагааных нь зорилго нэг гэдэгт миний бие итгэдэг. Өдгөөгийн XXI зуунд хүн төрөлхтөн оюуны хөгжлийн хүчээр мэдээлэл, техник технологийн хурдацтай, өндөр түвшинд хүрч буй ч сэтгэлийн дотоод үнэт зүйл болох асрал энэрэл, ёс суртахуун, хүлцэл, ууч өршөөл, үйлийн үр зэргийг орхигдуулах нигууртай байна. Тиймээс уламжлалт шашнуудын зорилго, үйл ажиллагаа нь сэтгэлийн дотоод орон зайг дээрх үнэт зүйлсээр дүүргэж, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм” хэмээв" гэдгийг онцлон хэллээ.