Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд болов. “Хятад орныг танин мэдэх” уриатай уг арга хэмжээний нээлтийн онцлог үзүүлбэр нь Шаолиний 32 хуврагийн үшүгийн тоглолт байлаа. Дундад улсын хуврагуудын эртнээс нааш өнөөдрийг хүртэл хадгалж, уламжилж ирсэн эл зэвсгийн эрдэм олон нийтийг гайхшируулав. Үүнээс гадна Соёлын төв өргөөний үзвэрийн танхимын гадна номын худалдаа явуулж байлаа. Энд В.Инжинашийн “Хөх судар”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Ж.Пүрэвийн “Манан будан”, Р.Чойномын шүлгийн түүвэр зэрэг Монголын сор бүтээлийг уламжлалт монгол бичгээр эмхэтгэн, хямдралтай үнээр худалдаж байсан.
Өвөр Монголын соёлын өдрүүд энэ сарын 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд үүний хүрээнд кино өдөрлөг зохион байгуулахын зэрэгцээ “Хятадын сайхан дуу-Монголын сайхан дуу” уралдаан болох юм. Кино өдөрлөгийн хүрээнд “Цагаан могой”, “Дэлбэрэлт”, “Гайхамшиг бүтээгч”, “Нүүдэлчин дэлхий”, “Сүүн далайн зэрэглээ” зэрэг уран сайхны киног олны хүртээл болгох юм. Хятадын соёлыг илүүтэй таньж мэдэхийг хүссэн иргэд амралтын өдрүүдэд “Тэнгис” кинотеатрыг зорьж, дээрх уран бүтээлүүдийг үнэгүй үзэх боломжтой. Мөн Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд өчигдөр “Аз жаргалын хотхон-3” олон ангит киног бэлэглэх ёслол “Туушин” зочид буудалд болсон. Хятадын урлаг соёлын салбарыг өнгөлж яваа шилдэг уран бүтээлчид энэ киноны гол дүрүүдийг бүтээжээ. Өмнө нь “Аз жаргалын хотхон-1, 2” олон ангит киног монгол үзэгчдийн хүртээл болгож байв.
Түүнчлэн уламжлалт анагаах ухааны эмч нар үзлэг, оношилгоо хийж буй аж. Өчигдрийн байдлаар уламжлалтын эмч нар манай 300 гаруй иргэнд үзлэг хийсэн гэнэ. Өвөр монгол эмч нарын баг өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, цус, зүрх, судас, арьсны үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө өгчээ.
ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шинхуй “Монгол, Хятад орон уул усаараа нийлж, зовлон, жаргалаа хуваалцаж, өнө олон жил зэрэгцэн оршиж байна. Бид стратегийн бодлогоо ч уялдуулж, хэрэгжүүлж буй. Тухайлбал, өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хамтран хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудаа харилцан тохиролцсон. Мөн саяхан Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад айлчилж, “Алсын хараа-2050” бодлогоо “Нэг зам-нэг бүс” санаачилгатай уялдуулахаа илэрхийллээ. “Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй” гэж монгол хүн ярьдаг. Тэгвэл бид урт хугацааны турш эвсэг найрсаг байж, хамтран баялаг түүх бүтээж, нөхөрсөг харилцаагаа бэхжүүлж буйдаа баяртай байна” хэмээлээ.