Есдүгээр сарын эхээр Энэтхэгт болох "Их 20"-ийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцохгүй гэж тус дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай ойр Хятад, Энэтхэгийн хэд хэдэн эх сурвалж Rueters агентлагт мэдээлэв.
Ши Жиньпиний оронд Хятадын төлөөлөгчдийг Ерөнхий сайд Ли Цян ахлахаар болжээ.
Хятадын төрийн тэргүүн “Их 20"-ийн уулзалтад оролцохгүй байх шийдвэр гаргасан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Судлаачдын дүгнэж буйгаар Ши Жиньпин уг шийдвэрээрээ барууны орнуудад "хятад маягаар сануулга" хийжээ.
Өмнө нь Кремлийн хэвлэлийн алба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт болох “Их 20”-ийн уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлнэ.
Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчилж “Нэг бүс, нэг зам” форумд оролцохоор төлөвлөж байгаа аж. Хэрэв уг айлчлал амжилттай болбол Олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш Путины анхны гадаад айлчлал болох юм.