Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногт онгоцны ослоор нас барсны дараа дахин цэргийн бослого гарах аюул бий гэж Кремль үзэж байна. Энэ тухай Кремлийн ойрын эх сурвалж Оросын хэвлэлд мэдээлсэн байна.
Тагнуулын байгууллагууд зургадугаар сарын сүүлчээр Вагнерийн зохион байгуулсан бослогыг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аль хэдийн ажиллаад эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Пригожин армийн командлалыг эсэргүүцээд зогсохгүй ерөнхийлөгчийн хувийн тушаалыг дагаагүй, тиймээс төр засагт заналхийлсэн гэж үзэж байна гэж эрх баригчдад ойр байсан дөрвөн эх сурвалж ярьжээ.
Пригожинийн эзэмшилд Украйн, Африк, Ойрхи Дорнод дахь байлдааны ажиллагаанд оролцож байсан туршлагатай цэргийн ангиудаас гадна олон хэвлэл мэдээллийн хэрэгслүуд, мөн улс төрийн технологи байдаг.
Кремль Вагнерыг энэ байдлаар үлдээх боломжгүй хэмээн үзэж буй.
"Вагнерын олон гишүүд Пригожины үхлийн цаана эрх баригчид байж магадгүй гэж сэжиглэж байна. Тиймээс эрх баригчид ийм эрсдэлийг үл тоомсорлож чадахгүй” гэж International Crisis Group-ын /Олон улсын хямралын бүлэг/ шинжээч Олег Игнатов хэлжээ.
Пригожиныг татан буулгаснаас хойш хоёр хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Вагнерчуудыг" тангараг өргүүлэхийг шаардсан зарлигт гарын үсэг зуржээ.
Сайн дурын батальонууд, нутаг дэвсгэрийн хамгаалалт зэрэг армийн бус хагас цэрэгжсэн бүх гишүүд төрийн далбааны өмнө тангараг өргөж, "Үндсэн хуулийн дэг журам"-ыг хамгаалах тангараг өргөх ёстой аж.