Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн (EPIC) судлаачид манай гарагийн хамгийн аюултай агаартай газруудыг жил бүр гаргадаг Агаарын чанарын индекс (AQLI)-д нэрлэжээ.
Энэ үүднээс Ази, Африкийн хүмүүс агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж байна.
Мэргэжилтнүүд агаар мандал дахь нарийн ширхэгтэй тоосонцор PM 2.5-ийн агууламжийг үнэлж, Бангладеш, Энэтхэг, Пакистан, Хятад, Нигери, Индонезид амьдардаг хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хамгийн их эрсдэлтэй болохыг тогтоожээ.
Судалгаагаар Өмнөд Азийн орнуудад PM2.5-ын түвшин 2013 оноос хойш бараг 10 хувиар нэмэгдэж, бүс нутгийн дундаж наслалтыг тав орчим жилээр бууруулсан байна.
Төв болон Баруун Африкт эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын бохирдол нь ХДХВ/ДОХ, хумхаа өвчний нэгэн адил хүмүүст аюул учруулж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Одоогийн байдлаар асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн Хятад улс л ахиц дэвшил гаргаж байна гэж EPIC тэмдэглэсэн байна.
Хятадын хотуудын бохирдлын түвшин мэдэгдэхүйц буурсан ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хэвээр байна. Бохирдолтой тэмцсэний үр дүнд Хятадад 2013 оноос хойш хүн амын дундаж наслалт 2.2 жилээр нэмэгджээ. Хэрэв агаар дахь РМ 2.5-ын агууламж ДЭМБ-ын стандартад ойртвол энэ тоо дахин 2.5 жилээр нэмэгдэнэ гэж судлаачид таамаглаж байна.
Манай хойд хөршийн хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд агаарын бохирдол ихтэй суурин газруудын тоо мөн л нэмэгджээ.
2021 онд ОХУ-ын 33 хот урт хугацааны бохирдол хамгийн өндөр түвшинд хүрсэн бол 2022 онд энэ тоо 40 хүрсэн байна.