Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор хотын замын түгжрэл эрс нэмэгдсэн. Улмаар ачааллыг бууруулахын тулд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхлээд буй билээ. Уг арга хэмжээ 20 хоног үргэлжлэх юм. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гаргасны зэрэгцээ уг асуудлыг хариуцсан сайд хүртэл томилсон атал тэгш, сондгойгоос өөр шийдэл гаргаж чадсангүй гэж олон нийт үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийв. Түгжрэлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээллийг тэрбээр өглөө.
Хотын хүн амын 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж байгаагаас түгжрэл үүсэж байна гэж сайд Ж.Сүхбаатар “оношиллоо”. Бас ийм нөхцөлд түгжрэлийг бууруулах боломжгүй бөгөөд харин улам ихэсгэхгүй байхад л анхаарахаас өөр аргагүй хэмээв. “2030 он гэхэд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш, дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй” гэж “түгжрэлийн” сайд хэлсэн нь анхаарал татав. Түүний тогтоосноор бол хүн амын өсөлт л гол буруутан болж таарлаа. Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ойрын болон дунд хугацаанд төлөвлөсөн ажлуудын тухайд яриад л байдаг ч огт хийдэггүй “Шинэ тойрог зам”, дүүжин тээвэр, метро зэрэг төслийг хэрэгжүүлэх бодолтойгоо тэрбээр дурдсан. Жишээ нь, тойрог замтай болох төслийг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд түгжрэл 10 хувиар буурах боломжтойг онцоллоо. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Харин метротой болох тухайд Ази тивдээ тэргүүлдэг БНСУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ хийлгэж, тэнд хүмүүсээ сургахаар холбогдох байгууллагынхантай нь хэлэлцэж буйгаа хэлэв. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан том төслүүдийг үнэхээр хэрэгжүүлэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл ойрын хугацаанд яах вэ, бид энэ хэвээр зам дээр зогссоор байх уу гэдэгт “түгжрэлийн” сайд хариулахдаа “Иргэд хувийн машинаа унахаас татгалзах нь зүйтэй” гэв. Үүний тулд нийтийн тээврийг сайжруулахаа дурдлаа. Хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийн 85 хувийнх нь насжилт буюу ашиглах хугацаа нь хэтэрсэн, иргэдийн 90 хувь нь уг үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байна. Тиймээс эхний ээлжид парк шинэчлэлийг эрчимжүүлээд буй бөгөөд энэ онд багтаан 810 автобус оруулж ирэхээр төлөвлөснөө танилцуулсан. Сайд Ж.Сүхбаатарын мэдээллээс анхаарал татсан бас нэг зүйл нь хотод түгжирч байхаар хөдөө очиж амьдарвал сайхан гэдгийг иргэд ойлгох ёстой аж. Энэ бол түгжрэлийн эсрэг нийтээрээ “соён гэгээрч” тэмцэх, хувь нэмрээ оруулах арга гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч