Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс гарсан саналаа танилцууллаа. 2018 онд Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, 100 метрийн хамгаалалтын бүс буюу Ойн сан бүхий газар, Ой тэлэн ургах нөөц газрын хил заагийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Дээрх төлөвлөгөөгөөр тогтоосон хил нь хээрийн судалгаа тодруулалт хийгдээгүй, ойтой газрыг ойн санд хамааруулаагүй, ой модгүй газрыг ойн санд зурагласан зэрэг асуудлууд байгаа тул уг хилийг дахин тогтоох шаардлагатай байгаа юм.
Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Ойн сангийн хилийн цэсийн ой тэлэн ургах газарт 19,374 нэгж талбар, ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар, нийт 37,007 нэгж талбар байна. Үүнээс 4015 нэгж талбар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй. Иймд дээрх нэгж талбаруудын газрын эрхийг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгө болон 37,007 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа юм.
Мөн цаашид хууль, тогтоомжид нийцүүлэн “Хот суурин газрын ой” гэсэн ангиллыг бий болгох, газрын төлбөр, татвар, үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоох, ногоон бүсийн хил заагийг газар дээр нь нарийвчлан үзэж, хээрийн судалгааны түвшинд үндэслэлтэй боловсруулан батлуулах шаардлага тулгарч байна. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтоож, ойн менежментийн төлөвлөгөө, Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хурлаар мөн иргэнд өмчлүүлсэн газрын татварын ногдуулалтыг хийх цахим системийн хөгжүүлэлтийн ажлыг танилцуулсан. 2003 оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрт 208,731 иргэнд 11,107 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.