Лхагва гарагт буюу наймдугаар сарын 23-нд Оросын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожин Москвагийн ойролцоо Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барлаа гэж Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх сурвалжийг дурдан мэдээлэв.
“Царград” телевизийн сувгийн мэдээлж буйгаар Пригожины зорчиж явсан онгоцонд “Вагнер” группийн цэргийн командлагч Дмитрий Уткин хамт байсан бөгөөд "урьдчилсан байдлаар тэдний цогцсыг мөн болохыг тогтоожээ”.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Тверь мужид нисэх онгоц осолдсонтой холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
РБК сувгийн мэдээлснээр мөрдөн шалгах явцад ослын янз бүрийн хувилбарууд, тэр дундаа "гадны нөлөөлөл"-ийг авч үзэж байгаа аж.
Онгоцонд Пригожин, Уткин тэр хоёроос гадна өөр 7 хүн явж байжээ. Урьдчилсан мэдээллээр, онгоцонд байсан бүх хүмүүс амь үрэгдсэн гэж Онцгой байдлын яам мэдэгджээ.
“МНТ-Аэро” компанийн мэдлийн бизнес тээвэрлэлтийн жижиг оврын онгоц нь Москвагаас Санкт-Петербург руу нисэж байжээ.
Онгоц сүйрэхээс өмнө хоёр хүчтэй тас хийх чимээ сонсогдсон гэж гэрчүүд мэдээлжээ.
Эргэн сануулахад, Пригожины нас барсан тухай мэдээлэл өмнө нь нэг бус удаа гарч байсан.
2019 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад найман хүнтэй цэргийн ачааны Ан-72 онгоц сүйрэхэд тэдний дунд “Вагнер” компанийг үүсгэн байгуулагч байсан гэж мэдээлж байсан ч хожим нь энэ нь худлаа болсон.
2022 онд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Telegram сувгууд Пригожиныг Луганск мужид нас барсан байж магадгүй гэж мэдээлсэн боловч энэ нь мөн л худал мэдээлэл байв.
Пригожинч сүүлийн үед тун таагүй нөхцөл байдалтай тулгарсан.
Вагнерын зарим удирдлагууд зэвсэгт дайчдын хамт өөр ижил компани руу явсан гэх мэдээлэл нэг биш удаа гарч байсан.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Их Британи ойрын долоо хоногт “Вагнер” хувийн зэвсэгт хүчний групийг террорист байгууллагын жагсаалтад оруулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Батлан хамгаалах яам тэр дундаа Сергей Шойгутай ширүүхэн сөргөлдөж байсан. Энэ оны 6-р сард “Вагнер” компани Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахаас татгалзаж, Украйн дахь Оросын цэргийн тусгай ажиллагаанд оролцохоо цуцалсан гэж мэдэгдсэн юм.
Үүний дараа 6-р сарын 23-24-нд "Вагнер" зэвсэгт бослого гаргахыг оролдов. Үүний шалтгаан нь Батлан хамгаалах яам “Вагнер”-ын хээрийн баазад их бууны цохилт өгсөн гэж Пригожин мэдэгдсэн ч Батлан хамгаалах яам мэдэгдлийг эсэргүүцсэн.
Пригожины зэвсэгт хүчин хариугаа авахаар “шударга марш” хийн Москва руу 200 км ойртсон байдаг.
6-р сарын 24-ний орой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко түүнтэй хэлэлцээ хийсний үр дүнд вагнерчууд хээрийн хуарандаа буцсан байна.
Хожим нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Пригожин "Беларусь руу явах" тохиролцоонд хүрсэн бөгөөд “Вагнер”-ын гишүүдийг яллахгүй гэжээ. Мөн Пригожины эсрэг үүсгэсэн зэвсэгт бослогын эрүүгийн хэргийг хаасан юм.
Хэд хоногийн дараа буюу 6-р сарын 29-нд Владимир Путин Кремльд Евгений Пригожин болон Вагнерын командлагч нартай уулзсан тухай мэдээлэл гарсан юм.