ОХУ-ын нийслэл Москва хот руу дронууд халдах болсон тул хотын бүх онгоцны буудлууд байнга хаагдах болжээ.
Сүүлийн долоо хоногт Москва хотын дөрвөн онгоцны буудал гурван удаа хаагджээ
Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өглөө Внуково, Шереметьево, Домодедово, Жуковский зэрэг онгоцны буудлууд нислэг хүлээн авах, илгээхийг түр зогсоосон тухай тухай ТАСС мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр агаарын орон зайд үл мэдэгдэх нисдэг биетүүд гарч ирэх үед нэвтрүүлдэг “Ковер” /Хивс/ төлөвлөгөөг нисэх онгоцны буудлуудад зарласан байна.
Төлөвлөгөөний үйл ажиллагааны явцад зөвхөн цэргийн болон эрэн хайх, аврах ажиллагааны онгоцууд нислэг үйлдэх боломжтой аж.
Агаарын орон зай хаагдсаны улмаас Внуковод 13 нислэг хойшилж, таван нислэг цуцлагдаж, Шереметьевод таван нислэг саатаж, Домодедово руу долоон нислэг хойшлогдож, гурван нислэг цуцлагджээ. Жуковскийд саатал, цуцлалтын талаар одоогоор мэдээлээгүй байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам наймдугаар сарын 23-ны шөнө Москвад гурван нисгэгчгүй онгоцны халдлагыг таслан зогсоосон тухай мэдэгдсэн.
“Нийслэл рүү довтолж байсан хоёр дроныг Москва мужийн Можайск, Химки дүүргийн нутаг дэвсгэр дээр агаараас эсэргүүцэн хамгаалах системээр устгав. Цахим электроны тусламжтайгаар идэвхгүй болгосон гурав дахь дрон Москва хотын төвд баригдаж буй цогцолборын барилгsu мөргөж унасан" гэж мэдэгдэлд дурджээ.