Италийн дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгсжээ.
Дуучин удаан хугацаанд түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж байв.
“Тото сүүлийн саруудыг Милан дахь Сан Раффаэлийн эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд Мягмар гарагийн орой эмч нарын гар дээр нас барлаа. Эмч нар уран бүтээлчийн эцсийн амьсгал хүртэл дэргэдээс нь холдоогүй бөгөөд шаналал зүдгүүрийг нь арилгахыг хичээсэн. Дуучин од хорт хавдрын өвчин дахин сэдэрсний улмаас таалал төгссөн” гэж Кутуньогийн туслах мэдэгджээ.
Тото Кутуньо нь Италийн поп хөгжмийн домон юм. Дуучны жинхэнэ нэр нь Сальваторе Кутуньо бөгөөд 30 гаруй настайдаа алдар нэрд хүрсэн юм. Залуу насандаа тэрбээр янз бүрийн хамтлагуудын бөмбөрчин хийдэг байжээ. Гэхдээ Тото ганцхан бөмбөрчин төдийгүй хэд хэдэн хөгжмийн зэмсгийг эзэмшсэн аж.
Эцэг эх нь хүүгээ ирээдүйд хэрэгцээтэй мэргэжилтэй байх шаардлагатай гэж үзээд нягтлан бодогчийн мэргэжлээр сургасан ч Тото хөгжмөө орхилгүй дуу бичиж эхэлсэн байна.
Түүний бичсэн дуу болгон хит болж байсан бөгөөд дэлхийн олон алдартай жүжигчид дуучид түүний дууг дуулсан байдаг. Амьдралынхаа туршид Тото 300 гаруй дуу бичжээ.
Францын алдарт дуучин Жо Дассены “Et si tu n existais pas”, “Salut”, Мирей Матьюгийн “Chao bambino,sorry”, Андреано Челентаногийн “Amore no”, “Soli” дуунуудыг хүн бүр даган аялах биз ээ.
Тото Кутуньогийн хайр сэтгэлийн түүр бол жинхэнэ Итали драмын жүжиг гэсэн үг. Тэрээр эхнэр Карлатайгаа концертын үеэр танилцжээ. Дараа нь нэг нислэгийн үеэр 46 настай Тото онгоцны үйлчлэгч Кристинатай танилцан дотноссон байна.Кристина түүнд Нико хүүг нь төрүүлжээ.
“Би эхнэртээ хайртай байсан ч Кристинаг хараад шоконд орсон... Би зүгээр л толгойгоо алдсан. Түүнийг харах гэж Сицилиас Ром хүртэл 1300 км машинаара бараг нисдэг байлаа. Би эхнэртээ бүгдийг ний нуугүй хэлэхэд түүний хувьд аймшигтай цохилт болсон. Карла удаан шаналж, маш их зовсон. Түүний сэтгэлийн зовлон миний хувьд хамгийн хүнд шийтгэл байсан " гэж дуучин ярьсан байдаг.
Гэхдээ эхнэр нь түүнийг уучилж, Никог өөрийн хүү шигээ хүлээж авсан байна. Тото эхнэр Карлатайгаа хамт Портофино хотын нэгэн виллад насан өөд болтлоо амьдарчээ.