“Фукушима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт тоосонцроос цэвэршүүлсэн усыг 8-р сарын 24-нөөс эхлэн далайд асгана. Энэ тухай Японы Ерөнхий сайд Фумио Кишида Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв.
“Цаг агаар, далайн нөхцөл байдлын хувьд ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй бол наймдугаар сарын 24-нөөс эхлэн усаа гадагшлуулахаар шийдсэн” гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Тус шийдвэр гаргахаас өмнө холбогдох бүх байгууллага, яамд болон “Tokyo Electric Power” компанийн оператор усыг аюулгүйгээр гадагшлуулахад .бүрэн бэлэн байгааг Японы эрх баригчид дахин нэг удаа баталгаажуулсныг тэрбээр онцлов.
Фукушима-1 АЦС-ын цэвэршүүлсэн усыг аюулгүйгээр гадагшлуулахад “хэдэн арван жил зарцуулсан ч” бүх хариуцлагыг Японы засгийн газар бүрэн хүлээнэ гэж Кишида амлажээ.
Японы засгийн газрын тэргүүн тухайн нөхцөл байдлын талаарх ОУАЭА-ын / Олон улсын атомын энергийн агентлаг/ тайланг дурдаад, цэвэршүүлсэн усыг гадагшлуулах талаар худал мэдээлэл түгээхтэй тэмцэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ гэдгээ онцоллоо.
7-р сарын 4-нд нийтлэгдсэн ОУАЭХА-ын тайланд Фукушима АЦС-ын цэвэршүүлсэн усыг далайд асгах төлөвлөгөө олон улсын стандартад нийцэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Цацраг идэвхт усыг далай руу асгах Японы уг төлөвлөгөөтэй холбогдуулан БНХАУ, ОХУ хоёр техникийн асуудлын жагсаалтыг Япон руу илгээсэн гэж Хятадын ГХЯ мэдээллээ.
Үүний зэрэгцээ цацраг идэвхт усыг далай руу асгах төлөвлөгөөг удаан хугацаанд эрс эсэргүүцсээр ирсэн Өмнөд Солонгосын эрх баригчид ОУАЭА-ийн тайлан нийтлэгдсэний дараа байр сууриа өөрчилсөн байна.
Фукушима-1 АЦС-ын усыг асгах ажил төлөвлөгөөний дагуу хийгдвэл үйл ажиллагаа стандартын дагуу явагдана гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ, нөхцөл байдлыг сайтар хянаж байхаа амлав.