Бараг 40 жил үргэлжилсэн Хятадын эдийн засгийн өсөлт дууслаа гэж “The Wall Street Journal” /WSJ/ бичжээ.
Хэдэн арван жилийн турш эдийн засгийн сэргэн мандалт Хятадын эрх баригчдад үйлдвэр, тэнгэр баганадсан барилга, зам дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийг олгосон гэж нийтлэлд тэмдэглэжээ.
Энэхүү загвар нь Хятад улсыг ядуурлаас гаргаж, экспортын чадвар нь дэлхий даяар тархсан дэлхийн аварга том улс болгож хувиргасан өсөлтийн ер бусын үеийг өдөөсөн юм.
Гэсэн хэдий ч өнөөдөр энэ эдийн засгийн загвар өөрийгөө шавхсан гэж шинжээчид үзэж байна. Бээжинд дэд бүтцээ өргөтгөх боломж хомсдож, Хятадын зарим гүүр, нисэх онгоцны буудлыг дутуу ашиглаж, олон сая орон сууц хоосорч, хөрөнгө оруулалтын өгөөж огцом буурч байгааг тэмдэглэв.
"Хүндрэлийн шинж тэмдэг Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс гадна баруун өмнөд хэсэгт орших Юньнань зэрэг захын мужуудад ч ажиглагдаж байна. Хятад улс цар тахалтай холбоотой “тэг ковид” бодлогоо хэдийнээ цуцалсан ч Юньнань муж бараг гурван хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй COVID-19 хорио цээрийн шинэ байгууламж барихад олон сая доллар зарцуулна гэж саяхан мэдэгдсэн” гэж сэтгүүлчид бичсэн байна
Шаардлагагүй зардлаас гадна, хүн ам зүйн бууралт, АНУ болон түүний холбоотнуудтай улам бүр холдох харилцаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг эрсдэлт оруулснаар Хятадын эдийн засагт таагүй нөхцөл байдал үүсгээд байна. Сэтгүүлчдийн үзэж буйгаар "Энэ нь зөвхөн эдийн засгийн доройтлын үе төдийгүй урт эриний төгсгөл байж магадгүй" юм.
Ойрын жилүүдэд Хятадын ДНБ-ий өсөлт 4% хувиас доогуур байгаа нь сүүлийн 40 жилийн өсөлтийн талаас бага гэсэн Олон улсын валютын сангийн тоо баримтаас тус хэвлэл иш татжээ.
Лондонд төвтэй “Capital Economics”-ийн үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт 2019 онд 5% хувиас 3% хувь болж буурч, 2030 онд 2% болж буурна гэж тооцоолсон байна.
Энэ огцом бууралтаас харвал Хятад улс 2035 он гэхэд эдийн засгаа хоёр дахин нэмэгдүүлэнэ гэсэн Ши Жиньпиний 2020 онд дэвшүүлсэн зорилт хэрэгжихгүй гэж WSJ тэмдэглэжээ.