750-3500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах тооцооллыг нийслэлээс гаргажээ. Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлага ч бий. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ.