Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр Засгийн газраас шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ЗТХЯ-наас мэдээлэл өглөө. Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчтэй 1.7 мянга гаруй байгууллагын 14 717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. Тэдгээрээс 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр болжээ. Энэ нь төрийн байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг илрүүлэх, хувьдаа ашиглахгүй байх, ард иргэдийн оролцоотой хяналт бий болгох, авто замын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой гэнэ. Төрийн өмчит автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх, тоо болон үсэг, хүрээг нь цагаан болгох аж.