Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна. Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчилнэ.
Тус гүүрийг наймдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн боловч бороо орж, Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байлаа. Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулжээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа хамгийн том гүүрэн байгууламжийн нэг нь энэ. Хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт гүүр. Наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бороо их орж, үер болсон, мөн инженерийн шугам сүлжээний ажилтай холбоотойгоор 20 орчим хоног алдлаа. Есдүгээр сарын 15-нд хөдөлгөөнийг нээнэ гэв.