“Үерийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сургамж, туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Онцгой байдлын газраас санаачлан НОК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нар, холбогдох мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөл 100 орчим хүн оролцож, 14 илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ж.Сандагсүрэн, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашням, Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат нар удирдан явуулав.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үерийн гамшгийн тоо, төрөл, давтамж нэмэгдэж, учруулах хохирлын хэмжээ өсөж байгаа нь Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотод энэ оны 7, 8 дугаар саруудад орсон аадар борооны улмаас үүссэн гол, уул усны уруйн 4 удаагийн үерийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.
Иймд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулын үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг шуурхай гүйцэтгэхэд баримтлах нарийвчилсан төлөвлөгөө шаардлагатай байгааг харуулж байна. Тус төлөвлөгөөг амьдралд бодитой байхаар хэлэлцэн батлах нь чухал юм.
Үерийн гамшгийн эрсдэл, аюулыг бууруулахад “Инженерийн бэлтгэл арга хэмжээ”-ний хийц, бүтээц, стандарт, хамгаалалтын бүс, эдэлбэр газар, хашаа хайс, барилга байгууламжийг хотын богино, дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах, гамшгийн эрсдэл өндөр, аюултай бүсийн зөрчлийг нэн даруй хугацаанд нь арилгах, иргэдэд ил тод, нээлттэй мэдээллэж, мэдэх эрхээр хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх шатанд хамтран зохион байгуулах нь тус хэлэлцүүлгийн бас нэг зорилго оршино.
Хэлэлцүүлгийн төгсгөлд асуулт, хариулт явагдаж, гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж дэд бүтэц, инженерийн хийц, бүтээц, хамгаалалтын бүс, эдэлбэр газар, хашаа хайс, барилга байгууламжийг хотын богино, дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах, гамшгийн эрсдэл өндөр, аюултай бүсийн зөрчлийг нэн даруй хугацаанд нь арилгах, иргэдэд ил тод, нээлттэй мэдээллэж, мэдэх эрхээр хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх шатанд хамтран, зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв. Мөн Үер, усны гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн тодотгож байгаа бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэмж тусгахаар тогтлоо.