Сүүлийн саруудад үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэл, хохирол нэмэгдэж холбогдох байгууллагуудаас шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба Сэлбэ голын хамгаалалтын бүсэд 100 метр дотор суурьшсан айлуудад үерийн аюулаас урьдчилан сэргийлж, нүүн шилжих газрыг зааж өгөн мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргэн, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөн ажиллаж байна.
Тухайлбал наймдугаар сарын 7-ны өдөр Ар согоот, Шадивлан, Жигжид, доод Салхитын нутаг дэвсгэр дэх 19, 24 дүгээр хорооны 34 өрхөд, наймдугаар сарын 8-ны өдөр 7,8,20 дугаар хорооны Шадивлан, Майхан толгой орчим үерийн хамгаалалтын бүсэд суурьшсан 74 өрхөд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас, мэдээллийг өглөө.