Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийнхөн гадаадад сургууль төгссөн монгол эрдэмтэдтэй хамтран хийжээ.
Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер буух эрсдэлтэй. Дээрх 75 байршлын 20 нь хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй бөгөөд эдгээрт ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай.
Уруйн үер болдог Дарь-Эх л гэхэд найман амнаас бүрддэг бөгөөд өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байсан. Гуу жалгыг хогоор дүүргэн, дээр нь айлууд бууж, газар нь хумигдсаны улмаас жижиг хэмжээний үерийн далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс энэ сарын 5-нд тухайн газар үерт автжээ.
Баруун салааны уулын уруу нь Дарь-Эхээс бага тул уруйн үер боллоо гэхэд машин, байшин урсгах хэмжээний хүчтэй орж ирэхгүй. Харин хамрах хүрээ нь100-200 метр өргөн буюу 50 см ус бүрхэх судалгаа гарчээ. Иймээс Баруун салаанд нэг секундэд 290 шоо метр үерийн ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай. Мөн хотын төвд ус тогтдог 32 140 га газар байгааг тогтоосон байна.
Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл бий гэх судалгаа байдаг. Тэгвэл нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийнхний хийсэн судалгаагаар голоос 50 метр хүртэлх зайд буюу чөлөөлөх шаардлагатай13 500 орчим нэгж талбар байгаа юм.
“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан. Тэднийхийсэн судалгаагаар эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлөх болон инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсан тул шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, мөн үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ирэх онд энэ жилийнхээс хоёр дахин их бороо орох магадлалтай гэсэн. Иймээс эрсдэлээ урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Улаанбаатар хотод ус хуримтлуулах сан шаардлагатай байна. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй” гэлээ.
Дэлхийн хотуудын хувьд шалтгаанд суурилсан буюу асуудлаас урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг. Харин манай улсын хувьд үүссэн асуудлыг шийдэх буюу намжаах, гал унтраах бодлого баримталж ирснийг эрдэмтэд тодотгож байв.
Энэ үеэр ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн шийдвэр гаргах түшинд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсож, судалгааны үр дүнг тусгах нь чухлыг онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын халиа, түүнээс үүсэх сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хотын хэмжээнд дөрвөн байршилд 6-7 удаа том халиа жил бүр үүсдэг бөгөөд 200 орчим өрх үүнд автдаг байна. Иймээс нарийвчилсан судалгаа хийх, үүний дараа шийдлийг тодорхойлох, мөн халиа үүсээд байгаа газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулбал үр дүнтэйг хэлэв. Хотын дарга дээрх саналыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.