Жоржиа мужийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт холбогдсон АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон бусад шүүгдэгчид наймдугаар сарын 25-ны дотор Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сайн дураараа ирж баривчлагдах ёстой. Энэ тухай тус мужийн Шерифийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
"Одоогийн байдлаар Ерөнхий прокурорын газар болон шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу бүх 19 яллагдагчийг Фултон тойргийн шоронд хүлээн авах гэж байна" хэмээн мэдэгдэлд бичсэн байна.
Яллагдагчийг шоронд ирсний дараа нэгжих, гэрэл зураг болон хурууны хээг нь авах зэрэг баривчлах албан ёсны журамыг гүйцэтгэх аж.
Яллагдагчид эрх баригчдад сайн дураараа баривчлагдсаны дараа тэр даруй шууд суллах нөхцөлийг талууд урьдчилан тохиролцдог. юм байна.
Фултон дүүргийн прокурор Фани Уиллис өмнө нь Трамп болон бусад шүүгдэгчдийг наймдугаар сарын 25-ны дотор эрх баригчдад бууж өгөхийг тушаасан бөгөөд үүний дараа шүүхээр шүүгдэх ёстой гэж мэдэгдсэн.
Анхан шатны шүүх хурлыг шүүгч товлодог бөгөөд чухам хэзээ болох нь тодорхойгүй байна.
"Яллагдагч хүссэн үедээ ирж болно гэдгийг битгий мартаарай, шорон долоо хоногийн долоон өдөр, 24 цагаар ажилладаг" гэж шерифийн албанаас мэдэгдэв.
Даваа гарагт Жоржиа мужийн тангарагтны шүүх экс ерөнхийлөгч, түүний өмгөөлөгчид, туслахууд, сонгуулийн сурталчилгааны ажилтнууд болон орон нутгийн АН-ын удирдлагуудыг 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт буруутгасан юм.
Жоржиа мужийн хуулиар бол энэ зүйл анги нь дор хаяж 20 жилийн хорих ялтай аж.