УИХ, ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж, үйлчилгээг бүтээе” сэдвийн дор энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Чуулганд Вануату, Вьетнам, Камбож, Кирибати, Лаос, Шинэ Гвиней, Самоа, Фижи, БНСУ болон Күүк, Соломоны арлууд зэрэг 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-аас нийт 60 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Жил бүр зохион байгуулдаг уг чуулганы энэ удаагийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар даргалан явуулна.
Сүүлийн 20-иод жилд бүс нутгийн хэмжээнд дундаж наслалт нэмэгдэж, эх, хүүхдийн эндэгдэл буурсан ч хүрээлэн буй орчны доройтол, хотжилт, хүн амын өсөлт, тархалттай холбоотойгоор эрүүл мэндийн асуудлууд тулгамдаж эхэлсэн байна. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаа тул өнгөрсөн жилийн чуулганаас энэ чиглэлийн бодлогыг шинэчлэхээр санал нэгдсэн аж. Улмаар “Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталжээ. Энэхүү баримт бичгийн хүрээнд анхан шатны тусламж, үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар ярилцаж, улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах нь. Түүнчлэн технологи, санхүүжилтийн загвар, анхан шатны тусламж, үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, үүнийг дэмжих инновацыг танилцуулж, санал солилцох юм байна. Чуулганаас улс орнуудын парламентчдыг эрүүл мэндийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангах анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг тогтолцоо бий болгохын төлөө боломжоо бүрэн ашиглахыг уриалсан “Улаанбаатарын хамтарсан мэдэгдэл”-ийг батална.
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган нь эрүүл мэндийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулахад хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцож, дэлхийн өмнө тулгарч буй энэ чиглэлийн асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилготой платформ юм. БНСУ-ын Үндэсний ассамблейгаас ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2015 онд энэхүү платформыг бий болгож, 30 гаруй орныг гишүүнээр элсүүлжээ.