Иран улсын Фарс мужид орших шиит шашны Шах-Черах бунханд террорист халдлага болсон тухай IRNA агентлаг мэдээлэв.
"Ням гарагийн орой 19:00 цагийн орчимд зэвсэгт этгээд ариун бунханд орж ирээд гал нээсэн. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж долоон хүн шархадлаа" гэж Фарс мужийн захирагч Мохаммад Хади Иманиег тус хэвлэл иш татжээ.
Амбан захирагчийн хэлснээр, хууль хүчнийхэн алан хядагчийг баривчилж, байцааж байгаа аж.
Харин “Tasnim” агентлагийн мэдээлж буйгаар сүм рүү хоёр зэвсэгт этгээд орохыг завдсаны нэгийг нь саатуулсан бол хоёр дахийг нь баривчлах ажиллагаа үргэлжилж байна.
Тус халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна.
Al Jazeera суваг “халдлага үйлдсэн хоёр этгээд гадаадын иргэд” гэж өөрсдийн эх сурвалжийг дурдан мэдээлэв. Гэхдээ аль улсын иргэд гэдгийг тодруулагүй байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд үл таних гурван хүн Шах-Черах бунхан руу халдаж,гал нээсэн юм. Халдлагад 15 хүн амиа алдаж, 27 хүн шархадсан аж.