БНХАУ-ын Хайнань аралд энэ сарын 3-11- нд зохион байгуулсан, Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд 13 улсын 233 тамирчин оролцлоо. Манай улсаас Монголын шатарчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдоржийн удирдлагад өсвөрийн 37 шатарчин үүнд өрсөлдсөн юм. Тэмцээнийг классик, рапид, блиц төрлөөр явуулсан бөгөөд манай тамирчид гурван алт, есөн мөнгө, зургаан хүрэл, нийт 18 медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзлэн, хүрэл цомын эзэн боллоо. Охидын блиц төрлийн 12 насныхны ангилалд Сүхбаатар аймгийн “Босоо ноён” клубийн тамирчин Б.Дөлгөөн, рапид төрлийн 18 насныхны ангилалд Дорноговь аймгийн ABC академийн Э.Маргадгуа алтан медаль хүртсэн байна. Мөн хөвгүүдийн классик төрлийн 16 насныхны ангилалд Сэлэнгэ аймгийн “Таван хан” клубийн тамирчин Х.Өлзийхишиг нэгдүгээр байр эзэлжээ. Хөвгүүдээс Ц.Тэнүүн, Х.Өлзийхишиг, Н.Батболд, охидоос П.Номунбилэг, Н.Энхрийхэн, Б.Дөлгөөн, А.Марал, Э.Маргадгуа нар тус тэмцээнд гаргасан амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангалаа.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам