Пүрэв гарагт Байдены засаг захиргаа Хавайд гарсан түймрийг "их гамшгийн" хэмжээнд авч үзэн холбооны хүч, хөрөнгийг гал түймэр, түүний үр дагавартай тэмцэхэд зарцуулахаар болжээ.
“Нэгэн цагт газрын диваажин гэгдэж байсан үзэсгэлэнт байгальтай энэ газар нутаг одоо шатсан машин техник, барилга байшингууд, хүмүүсийн уй гашуу гээд кинон дээр гардаг шиг ертөнцийн мөхлийн аймшигт дүр зургийг санагдуулж байна” гэж The Guardian сонинд бичсэн байна.
Хэт халуун, хуурай цаг агаараас үүсэн гал түймэр нь тус арлын зүүн зүгт зуугаад км зайд дэгдэж буй “Дора” хар салхинд улам хүчээ авч тархажээ.
Арлын зарим хэсэгт гал орон сууцны барилга руу ойртож, бүхэл бүтэн суурингууд, тэр дундаа Лахайна түүхэн хотыг устгаж эхэлсэн байна.
Оршин суугчид галаас зугтан, далай руу гүйж, эргийн хамгаалалтынхныг хүлээхээс аргагүйд хүрчээ.
Мужийн эрх баригчдын мэдээлснээр түймэрт 50 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэл бэртэл авахаас гадна 1700 гаруй байшин шатаж, 11 мянган хүн цахилгаангүй болж, 2 мянга гаруй хүн түр орогнох байранд амьдарч байна.