ДЭМБ-аас 2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД) нь гишүүн улс, орнуудаас хил дамнан тархах халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээний цогц чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн хүчин төгөлдөр олон улсын гэрээ юм.
Энэ дүрмийн 54 дүгээр зүйлд зааснаар гишүүн улс, орнууд жил бүр Дэлхийн эрүүл мэндийн чуулганд ОУЭМД-ийн хэрэгжилт, өөрийн хийсэн үнэлгээг тайлагнахын зэрэгцээ 2015 оноос эхлэн хамтарсан хөндлөнгийн үнэлгээг хослуулан хэрэгжүүлж эхэлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний үндэсний чадавхийг бэхжүүлэх, ОУЭМД-ийн хэрэгжилтийг хянах хорооноос 2015 онд улс орнууд зөвхөн өөрсдийгөө үнэлэх бус хөндлөнгийн үнэлгээг, дотооддоо болон бие даасан мэргэжилтнүүдээр хамтарсан үнэлгээг хослон хэрэгжүүлэхийг санал болгосон байдаг.
Үүний дагуу Монгол Улс 2017 онд ОУЭМД-ийн хэрэгжилтийн хамтарсан хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
ДЭМБ-аас КОВИД-19 цар тахал болон бусад НЭМ-ийн ноцтой байдлын хариу арга хэмжээнээс авсан сургамж, олон улсын байгууллагын саналын дагуу 2022 онд хамтарсан Хөндлөнгийн үнэлгээний аргачлалыг 3 дахь удаагаа шинэчлэн баталсан байна.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/280 дүгээр тушаалаар Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндсэн чадавхийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийж, олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн эхний уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж, НЭМГ-ын дарга, Ажлын хэсгийн орлогч дарга С.Өнөржаргал нээж үг хэллээ.
ДЭМБ-аас ОУЭМД-ийн хамтарсан хөндлөнгийн үнэлгээнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд өнөөдрийн уулзалтад ДЭМБ-ын НДББүсийн төвийн Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн Нам Пуон Нген, О.Ариунтуяа болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар мэдээлэл хийлээ.
Өөрийн үнэлгээний дүнг танилцуулах, хэлэлцүүлэх уулзалтыг энэ оны 9 дүгээр сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар, олон улсын хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багтай 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд хамтарсан хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.