Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод энэ сарын 16-нд эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас 181 тамирчин 42 дасгалжуулагчийн удирдлагад тивийн орнуудын 1500 гаруй оролцогчтой спортын 11 төрөлд өрсөлдөх нь. Монголын багийн тугчаар өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, волейболын тамирчин Ц.Ананд, өсвөр үеийн УАШТ-д таван удаа түрүүлсэн, хүүхдийн спортын наадмын аварга, сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдож, тангараг өргөв.
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг эх орноо төлөөлж оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэн, амжилт хүсэв. Мөн Монгол Улсын Төрийн далбааг Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон тугчдад гардуулсан юм. Тус хорооноос спортын хувцас, хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд дээрх наадамд оролцох баг, тамирчдыг иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангасан байна.
Монгол Улсад анх удаагаа болох уг наадмын тамирчдад гардуулах медалийн эх загварыг дархан О.Занабазар урласан бөгөөд нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх гэсэн утга санааг илэрхийлжээ.