Бразилын Рио-де-Жанейрод болсон 2016 оны олимпын наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн ч Токиогийн олимпод бүтэлгүйтсэн АНУ-ын нэрт тамирчин Симона Байлсыг гимнастикийн спорт сонирхогчид сүүлийн хоёр жилд бараг л мартсан. Гэвч тэрбээр ялгуун амжилтаар их спортдоо эргэн ирлээ.
АНУ-ын Иллинойс хотод болсон “Core hydration classiс” тэмцээнээс олимпын дөрвөн удаагийн аварга гимнастикч маань гурван алтан медаль хүртжээ. Эл тэмцээнээс АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний эрх олгосон юм. С.Байлс олон төрөлт, савлуур, чөлөөт дасгалд түрүүлж, дамжуургатай дасгалд хүрэл медаль хүртсэн байна.
Тэрбээр бие махбод, сэтгэл санааны маш сайн формтой байгаа талаараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Надад баяр хүргэж алга ташсан хүн бүхэн миний зүрхийг уяраалаа. Учир нь тэд надад итгэсээр байна. Үнэхээр шоконд орлоо. Тэмцээний үеэр бага зэрэг сандарсан ч энэ нь байх л зүйл гэж бодож байна. Бэлтгэлээ цаашид өөртөө улам итгэлтэй үргэлжлүүлэн хийнэ” хэмээн С.Байлс “NBC sports”-т ярьжээ. Тэрбээр хоёр жилийн турш нэг ч тэмцээнд оролцолгүй сураггүй алга болсон юм. Тодруулбал, 732 өдөр.
Токиогийн олимпын наадамд нэрт тамирчин сэтгэл санааны тавгүй байдлын улмаас олон төрөлтийн финалд оролцож чадаагүй. Улмаар түүнийг чиглэсэн шүүмжлэл, үзэн ядалт асар ихэссэн юм. Спортын гимнастикийн дэлхийн номер нэг тамирчин сэтгэл хөдлөлөө ч захирч чадахгүй байна хэмээн тухайн үед шүүмжлэгчид хэл амаа билүүдэж байв. С.Байлс савлуурын төрөлд хүч үзсэн ч боломждоо хүртэл оролцож чадалгүй дөнгөж хүрэл медаль хүртсэн агаад тэр цагаас хойш мэргэжлийн тамирчны замналаа завсарласан билээ.
Дэлхийн 19 удаагийн аварга тамирчныг 2022 оны ДАШТ-д оролцоно гэж олон хүн таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Тэрбээр нийгмийн сүлжээнд “Би зодог тайлаагүй. Яг одоо би сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч байна. Спортдоо эргэн ирэх гэж яаралгүй, харин энэ цаг хугацааг ашиглан өөртөө, сэтгэл зүйдээ анхаарч байна. 2024 оны Парисын олимпын тухайд гэвэл би ямар ч тохиолдолд уг олимпод очно. Гэхдээ тамирчин, эсвэл үзэгчийн хувиар очих үгүйгээ шийдээгүй байна. Хэрэв тамирчнаар очвол би бүхнээ дайчилж, 100 хувийн бэлтгэлтэй болоод оролцоно” гэсэн тайлбарыг оруулсан юм.
Ямартай ч С.Байлс цаг хугацааг дэмий өнгөрүүлсэнгүй. Энэ оны хавар тэрбээр америк хөлбөмбөгийн тамирчин Ж.Оуэнстай хуримлав. Өдгөө нөхөр нь хамгийн гол дэмжигч, түшиг тулгуур ньболсон агаад түүний ачаар С.Байлс спортдоо эргэн ирж буй нь энэ. Үүнийг ч тэрбээр нотолж “Би баярын нулимс унагаж байна. Чинийхээ хайрын ачаар би спортдоо эргэж ирлээ. Надад итгэсэнд баярлалаа” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
Тэрбээр спортдоо зүгээр ч нэг эргэн ирэхгүй нь тодорхой. Симона түүхэн дэх хамгийн амжилттай гимнастикч болохыг хүсэж байгаа бөгөөд ингэх нь түүнд тун хэцүү байх болно. Учир нь хуучин ЗХУ-ын тамирчин Л.Латынина олимпын наадмаас есөн алтан медаль хүртсэн бол Симона өдгөө “дөнгөж” дөрвөн алттай.
Түүнээс гадна Парис хүрэх Симонагийн зам дөнгөж эхэлж байна. Бельгийн Антверпен хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд болох ДАШТ-ий өмнөх АНУ-ын шигшээ багийн бэлтгэл түүнийг хүлээж буй. Тэрбээр тус тэмцээнд алтан медалийн цуглуулгаа арвижуулахыг хичээх нь гарцаагүй юм. Эх орон нэгт олон шилдэг тамирчныг Иллинойст ялсныг нь тооцвол дэлхийн дэвжээнд алтан медалийн арвин ургац хураах бүхий л боломж түүнд байна гэж ойлгож болно. Түүний дараа Парисыг зорих түүний нөр их бэлтгэл эхлэх нь гарцаагүй.
Бэлтгэсэн: Н.Энх