“Монголд зочлох жил” санаачилга, аймаг, сумуудын түүхэн ойн баярыг угтаад орон нутгийнхан өнөө жил музейгээ чадлынхаа хэрээр өөд нь татаж, үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулан “амь оруулж” байх шиг ээ. Говь-Алтай аймгийн музейнхэн Монголын үндэсний музейтэй хамтран “Хантайшир-100” үзэсгэлэн дэлгэж, нутаг усныхаа намтар түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг дээжлэн толилууллаа. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй Хэнтий аймгийнхан 100 жилийн ойн босгон дээрээ шинэ музей ашиглалтад оруулж, түүх, соёлын ховор, нандин үзмэрүүдийг олон нийтэд танилцуулав.
...“Чингис хаан” музейг танилцуулсныхаа дараа “Музей үзэж байгаа хүмүүсийн 70 хувь нь солонгосчууд байна. Гэтэл солонгос хэлээр үзмэр тайлбарладаг хүн тэнд алга. Үзмэрүүдэд англи тайлбар ч байсангүй. Ганц гарчиг буюу тухай үзмэрийн нэрүүдийг нь л англиар бичжээ. QR кодтой, AR цэгүүдтэй боловч тэдгээр нь ажилладаггүй. Яагаад ийм хагас дутуу ажил хийдэг юм бэ...
Архангайнхан музейнхээ гэрэлтүүлэг, үзвэрийн танхимуудыг шинэчилж “Эртний төрт улсуудын өлгий нутаг” археологийн үзэсгэлэн зохион байгуулж, ялгарлаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч нийгмийн хариуцлагын хүрээнд музейг сэргээн засварлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд хувь нэмэр оруулсан жишээ цөөнгүй.
Вакум цонхны нэгэн компани Төв аймгийн музейн Манзушир дахь салбарын цонхыг бүрэн сольж, шинэчилжээ. Соёлын яамныхан ч “Соёлын сэргэлт” аян, “Музейн боловсрол” хөтөлбөрийн хүрээнд нийслэл, орон нутгийн өмчит музейнүүдийг сэргээн засахад хөрөнгө мөнгө хуваарилж эхлэв бололтой. Булган аймгийн музей, “Баруун замын байлдааны штаб” музейн дохиолол хамгаалалтын системийг сайжруулах зорилгоор 42 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Музейгээр үйлчлүүлэх хүн энэ зун эрс нэмэгдсэнийг орон нутгийнхан хэлж байна. Архангай аймгийнх гэхэд өмнөх жилийн мөн үеийнхээс гурав дахин олон үйлчлүүлэгчийг зургаа, долдугаар сард хүлээн авсан гэнэ. Дотоодын аялагч, жуулчдад музейн үйлчилгээгээ шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүднээс бэлэн бус төлбөр тооцооны систем нэвтрүүлж, НӨАТ-ын баримт олгож эхэлснээ ч тус байгууллагынхан дурдлаа. Жуулчдын урсгал сайжирч, орон нутгийг зорих иргэд олширсны хэрээр энэ жил музей “моод”-нд орж, үйл ажиллагаа нь бага боловч сэргэж буй дүр зураг харагдлаа. Наанадаж л хүмүүс музейн тухай ярих нь олшров.
Музей бол соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэй ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага. Үүнээс гадна тухайн бүс нутгийнхаа түүх, соёлын аялал жуулчлалын гол маршрутад багтдаг чухал газар. Харамсалтай нь, манай улс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа ийм хэмжээнд үнэлж, дээгүүр тавьж, хөрөнгө мөнгө “хаяж” чаддаггүй. Ямар сайндаа л шинэчлэн сайжруулах нэрээр заримынх нь байр савыг булааж, хаа хамаагүй музейтэй нэгтгэх вэ дээ. Шинэ байртай болгоно гээд хэдэн оны нүүр үзүүлж буй нь ч бий. Энэ үл ойшоосон хандлага музейг “үхмэл” болгож, үүргээ гүйцэтгэх хэмжээнд аваачиж байгаагүй. Музей гэхээр түүх, шашны холбогдолтой эд өлгийн зүйл хадгалдаг нууцлаг газар, түүхэн ой, тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор л хаа нэг очиж сонирхдог орчин гэсэн явцуу ойлголт олон нийтийн дунд бий болсон. Харин одооноос буюу Засгийн газар 2023-2025 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, Соёлын яам музейг дэмжих, хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа энэ цаг үед л музейн боловсролыг түгээсэн шиг түгээж, үйл ажиллагааг нь дорвитой сэргээж, соёл, эрдэм шинжилгээний байгууллагынхаа үүргийг гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж, хяналтаа тавьж, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгоход анхаарах шаардлагатай. Хамгийн тохиромжтой цаг хугацаа нь энэ үе юм.
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, хараат бус хуулийн этгээдээр тодорхой давтамжтайгаар үнэлгээ хийлгэх үүрэг хүлээдэг. Тэд энэ үүргээ яг таг биелүүлэх хэрэгтэй байна. Музейгээр үйлчлүүлэх хүн олширсны хэрээр үйлчилгээний чанартай холбоотой элдэв шүүмжлэл гарах нь ч ихэслээ. Өнгөрсөн оны сүүлчээр үүдээ нээсэн, Монголд төдийгүй бүс нутагтаа томоохонд тооцогдох, олон улсын стандартад нийцүүлэн байгуулсан гэх “Чингис хаан” хаад, язгууртны музейн үйлчилгээ хүртэл жуулчдад гологдож байгааг аялал жуулчлалынхан хөндөх боллоо. Олон улсын стандарт баримталдаг, хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиудыг нэвтрүүлсэн музей гэх атлаа үзмэрүүдийнх нь тайлбар хүртээмжгүй, ойлгомжгүй, AR, VR (программ хангамжийн тусламжтай бүтээсэн хиймэл бодит орчин), бар кодтой мөртлөө тэдгээр нь ажилладаггүй зэрэг нь жуулчдын сэтгэлийг гонсойлгоход хүрчээ.
Кино урлагийн салбарт танигдсан, олон улсын наадам, үйл ажиллагаануудад зочин, шүүгчээр байнга шахам оролцдог нэгэн эмэгтэй хэсэг солонгосчуудад “Чингис хаан” музейг танилцуулсныхаа дараа “Музей үзэж байгаа хүмүүсийн 70 хувь нь солонгосчууд байна. Гэтэл солонгос хэлээр үзмэр тайлбарладаг хүн тэнд алга. Үзмэрүүдэд англи тайлбар ч байсангүй. Ганц гарчиг буюу тухай үзмэрийн нэрүүдийг нь л англиар бичжээ. QR кодтой, AR цэгүүдтэй боловч тэдгээр нь ажилладаггүй. Яагаад ийм хагас дутуу ажил хийдэг юм бэ. Луврын музейг 2017 онд үзэхэд орчуулгын төхөөрөмжүүд нь хэд хэдэн хэлээр үзмэрүүдээ танилцуулдаг, үйлчлүүлэгч түүнийгээ сонгодог шийдэлтэй байсан. Ийм зүйл хийж болсонгүй юу. “Нааш ир” гэж урьсан хүмүүстээ тааламжтай үйлчилгээ үзүүлмээр юм. Хамт явсан жуулчид төлсөн мөнгөндөө тохирсон үйлчилгээ авч чадаагүйгээс сэтгэл гонсгор байгаа нь ажиглагдсан” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Өөр нэгэн хөтөч мөн л ийм зовлон ярилаа. Тэрбээр “Чингис хаан” музей үзээд сэтгэл дундуур буцсан. Англи тайлбаргүй учраас жуулчид учраа олохгүй будилж харагдсан. Үзмэр болгоны дэргэд байршуулсан жижигхэн бар кодыг уншуулах гэж бөөн дараалал үүсдэг юм билээ. Утсандаа таниулсан ч мэдээлэл нь гүйцэд гарч ирдэггүй. Ариун цэврийн өрөөнд нь ортол цаас байгаагүй. Нүүр улаймаар. Гадаадынхнаас маш их ичсэн. Өндөр хүлээлттэй ороод гонсгор гарч ирлээ” гэв. Улсынхаа нүүр царай гэж тодорхойлсон, томоохонд тооцогдох музей нь ийм дүр зурагтай байна гэхээр бусдад нь нүүр халууцуулам ямар бэрхшээл буйг төсөөлөхөд ч бэрх.
Манай улсын музейнүүд дохиолол хамгаалалтын систем, аюулгүй байдал, танхимын төлөвлөлт, агааржуулалт, гэрэлтүүлэг зэрэг наад захын шаардлагыг хангадаггүйн зэрэгцээ зорин ирсэн хүмүүст төвөг чирэгдэлгүй, соёлтой үйлчлэх тал дээр асар том дутагдалтай. Мэргэжлийнхээ ач буянаар Монгол орны бараг бүх музейг “гүйцээсэн” нэгэн хөтөч залуу “Орон нутгийн музейд очихоор тоож ядсан, амралтын байдалтай хэдэн хүн угтдаг. Урьдчилж хэлж анхааруулахгүй л бол олигтой тайлбар, мэдээлэл өгдөггүй. Мэргэжлийн тайлбарлагч, аудио хөтөчгүй нь олон учраас ихэнх тохиолдолд давхар орчуулдаг. Арай дориун нь гэвэл “Хархорум” музей. Гаднах орчин нь л хэцүү болохоос биш, үйлчилгээ нь боломжийн. Хотын төвийн томоохон музейнүүдийн тухайд ажилтнуудынх нь харилцаа, хандлага, орчин нөхцөл гээд өөлөх зүйл бишгүй. Богд хааны ордон музейд хоёр жил орчмын хугацаанд хөтчөөр ажилласан танил маань гадаадынхны “дарамтаас” болоод ажлаасаа гарсан. Жуулчдаас ичсэндээ тэр шүү дээ. Нөгөөдүүл нь “Та нар ийм сайхан музейг яагаад адууны жүчээнээс дор байлгадаг юм бэ. Сэргээн засварлаж болдоггүй юм уу” гээд нүүр хийх газаргүй болгодог гэсэн. Түүхэн барилга, өв соёлын дурсгалыг хадгалан хамгаалах хэмээх ойлголт нь түүнд огт гар хүрэхгүй байсаар муутгах гэсэн үг биш. Үүнийг манайхан ялгаж салгаж ойлгохгүй байх шиг санагддаг” гэж ярилаа.
Аудио тайлбар гэдэг бол томоохон музейд зайлшгүй байх ёстой, үзмэрийг сүүдэр шиг л дагалддаг зүйл. Тийм ч учраас гадаадын музейнүүд НҮБ-аас албан ёсны, түгээмэл хэрэглээтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн хэлүүдээр аудиотайлбар хүргэдэг аж. Тэр ч бүү хэл, музейг хүн бүхэнд хүртээмжтэй байлгах үүднээс өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай тэрэг, тэргэнцэр хүртэл байршуулсан байдаг гэнэ. Харин манай орны хувьд улсынхаа нүүр царай болсон томоохон музейнүүддээ ч эдгээрийг нутагшуулж чадаагүй байна. “Чингис хаан”-ы музей аудио тайлбаргүй гэсэн шүүмжлэл гарсны дараа л Монголын үндэсний музейнхэн сая нэг тайлбарт үйлчилгээгээ шинэчилж байх жишээтэй. Музей хөгжүүлэх, хамгаалах нэрээр гаднах өнгө төрхийг нь засаж шинэчлээд зогсохгүй үйлчилгээний чанарыг ч сайжруулах шаардлагатай нь бодит байдлаас, бас санал, шүүмжлэл хэлж буй үйлчлүүлэгчдийн ярианаас ч тод харагдаж байна. Өргөтгөл, бүрэн засвар хийж буй гэх Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейн дотоод орчин, үйлчилгээг сайжруулахад ч анхаарах хэрэгтэй санагдана.