Камбож улсын Ерөнхий сайдаар 40 шахам жил ажиллаад байгаа Хун Сен сонгуульд өрсөлдөгчгүй оролцож ялалт байгуулаад албан тушаалаа хүүдээ өвлүүлнэ гэсэн мэдээлэл дэлхий даяар дуулдав.
1985 оноос Ерөнхий сайд болж, эрх баригч Ардын намыг удирдсаар ирсэн Хун Сен 1952 онд төрж, иргэний дайны жилүүдэд улаан кхмерчүүдийг командалж явав. Пол Потын дэглэмээс салж, Вьетнам улсын байр суурийг баримталж, 1980-ад онд Кампучийн зөрчилдөөнд идэвхтэй оролцжээ. Чухам энэ үеэс Засгийн газрыг тэргүүлж, 2023 оны байдлаар түүний засаглал хугацааны хувьд өнөө цагийн Азид хоёрт орж байна. Засгийн газрын тэргүүний суудлаа том хүү Хун Манетдаа өгөхөөр төлөвлөж буйгаа өнгөрсөн сарын 26-нд мэдэгдлээ. Хүү нь энэ сарын 22-нд Ерөнхий сайд болох аж.
Хун Сен хятад гаралтай баян эзний гэрт мэндэлсэн байна. Эцэг нь буддын шашны нэр хүндтэй лам байжээ. Хун Сен бага сургуулийг төрөлх тосгондоо дүүргэж, 13 настайдаа нийслэл хотноо шашны сургуульд оров. Багш нь улс төрийн шалтгаанаар баривчлагдсанаас сурах үйл нь тасарчээ. Улмаар Мемот мужид каучукийн талбайд ажиллах боллоо. Энэ үеэс ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож, шаргуу, нэр хүндэд дуртай чанар багаас нь тодорч, амьдралынхаа ямар замыг сонгох тухай асуухад “хаан болно” гэж хариулдаг байв.
...Камбож улсын радио “ноёрхол” гэдэг үгийг түгээмэл хэрэглэдэг аж. Энэ нь Нородом Сианукийн тухай ярьж байгаа юм биш, Хун Сенийг хаан гэж нэрлэж буй хэрэг. “Тэрбээр улсынхаа эзэн гэж өөрийгөө харуулах дуртай” хэмээн Камбожийн Засгийн газрын зөвлөх Рауль-Марк Женнар хэлсэн байдаг...
1970 онд Камбожид төрийн эргэлт болов. Хан хүү Нородом Сианук ширээнээсээ шилжиж, генерал Лон Нолын тэргүүлсэн Кхмерийн БНУ болсон байна. Энэ өөрчлөлт санаанд нь нийцээгүй тул Улаан кхмерүүдийн хөдөлгөөнд нэгдлээ. Улаан кхмерүүдийн эгнээнд байхдаа Хун Нам гэсэн нэрээ Хун Сен гэх нууц нэрээр сольсон байна. Байлдаж явахдаа суманд оногдож зүүн нүдгүй болжээ. Тэр гайт 1975 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс нэг хоногийн өмнө Улаан кхмерүүд Пномпень хотод орж ирж, Пол Полтын алан хядагч дарангуйлал тогтсон байна. Энэ дэглэмийн хоморголон устгах үйлд Хун Сен оролцсоныг гэрчлэх юм олддоггүй ч хяналтад байсан газар нутагт хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлэхэд цэргийн тодорхой албан тушаалтны хувьд оролцсон байх магадлалтай. 1977 оноос Пол Полтын дэглэм нам-төрийн аппарат, цэргийн командлалын бүрэлдэхүүнд цэвэрлэгээ хийж эхлэв. Хун Сений алба хааж байсан “Зүүн бүс”-ийн ажилтнууд онцгой сэжиглэгдэж байснаас тэрбээр Вьетнам руу зугтжээ.
Вьетнамд хэдэн сар шоронд суув. Шоронгоос гараад Кампучийг аврах үндэсний нэгдмэл фронтын удирдах бүрэлдэхүүнд багтлаа. Хенг Самрин, Чеа Сим нарын ойрын хүрээлэлд ч орж явчихжээ. Вьетнамын цэргүүд 1978 оны арванхоёрдугаар сард Кампучи руу дайран оров. Тэгээд Вьетнамын хяналт дор Кампучийн Ардын БНУ-ыг тунхаглалаа. Засгийн газрын үүргийг Ардын хувьсгалт хороо, 1981 оноос Төрийн зөвлөл гүйцэтгэх болж түүнийг Хенг Самрин тэргүүлэх болов. Пол Потын цэргүүд хүн хүрэхэд төвөгтэй газрууд руу зугтаж, партизаны дайн хийж байв. 1979 оны эхнээс Хун Сен Гадаад хэргийн сайдын албыг хашлаа. Кампучийн Ардын БНУ-ыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх нь түүний гол зорилт болжээ. Гэтэл социалист лагерын болон социалист чиг баримжаатай 33 улс л Кампучитай хэлхээ холбоо тогтоосон байв. Дэлхийн ихэнх улс, НҮБ гадаадын интервенцийн үр дүнд эрх барих болсон Кампучийн Ардын БНУ-ын Засгийн газрыг биш, Ардчилсан Кампучийн эвслийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөд байлаа. Дотоодын бодлогодоо нэг намын тогтолцоотой, “Социалист өөрчлөлт хийх” Хенг Самрины байр суурийг Хун Сен дэмжиж байв. Хун Сен 1985 онд Хенг Самрины ойрын хамтран зүтгэгчийн хувьд Ерөнхий сайдаар томилогдлоо. Энэ үеэс өөрийн халамжлагчаа байнга шахаж, эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, засаг захиргаа болон хүчний бүтцүүдэд хяналтаа тогтоож эхэлсэн байна.
Пол Потын талынхан, ардчилсан үзэлтнүүд гээд сөрөг хүчний шаргуу зэвсэгт тэмцэл, дэлхий дахинд болж буй өөрчлөлт Кампучийн эрх баригч дэглэмийг улс төрийн буулт хийхээс аргагүй байдалд орууллаа. Парист яриа хэлэлцээ эхлэн Хун Сен түүнд идэвхтэй оролцов. Түүний ихээхэн нөлөөгөөр эрх баригч Ардын хувьсгалт нам марксист-ленинист үзэл суртлаас татгалзаж, ардчилал, эдийн засгийн либералчлал, хувийн өмчийг дэмжих зарчмыг тунхаглаж, нэрээ Камбожийн Ардын нам болгож өөрчилжээ. Вьетнамын цэрэг гарсны дараа Хун Сен Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэв. Хенг Самрин 1991 онд эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын, 1992 онд Төрийн зөвлөлийн даргын албаа орхиж, түүнийг Чеа Сим орлож үлдсэн нэртэй ч үнэн хэрэг дээрээ нам-төрийн удирдлага Хун Сений гарт орсон аж.
1993 онд Камбожид хаант засаг сэргэн тогтоож, ханхүү Сианук ширээндээ эргэн залрав. Олон нам оролцсон сонгуульд ч түүний нам олонхын санал авч, Ардын нам хоёрдугаарт орох нь түүний удирдлагын хувьд том амжилт байлаа. Эцэст нь хоёр Ерөнхий сайдтай засаглал бий болж, нэгдүгээр Ерөнхий сайд нь Сианукийн хүү хунтайж Нородом Ранарит, хоёрдугаарх нь Хун Сен боллоо. Тэдний хоорондын харилцаа их төвөгтэй, дайсагнасан шинж чанартай. Бие биенээ засгийн эрх булаах гэлээ, нэр хүндгүй, Пол Полтынхонтой нууцаар хувилддаг гэх мэтээр буруутгана. Ранарит хааны ивээл хүртэж, сонгогчдын дэмжлэгт дулдуйддаг бол Хун Сен өөрийн хяналтад байдаг төрийн аппаратад түшиглэнэ. 1997 оны долдугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөн хоёр засаглалыг эцэслэв. Өөрийн үнэнч хүчнийнхэндээ түшиглэн Хун Сен үндсэндээ төрийн эргэлт хийж орхисон байна. Нородом Ранарит огцорч, нам нь тарав. Хун Сений тогтоосон ганц хүний захиргаадалтын дэглэмтэй хаан Сианук эвлэрэхээс өөр арга байсангүй. 1998, 2003, 2008 оны Үндэсний ассамблейн сонгуульд Хун Сений тэргүүлсэн Камбожийн Ардын нам ялалт байгуулав.
2023 оны байдлаар Хун Сений засаглал Камбожийн түүхэнд хамгийн урт, өнөөгийн Азид Брунейн султан Хассанал Болкиах, Ираны аятолла Хаменей нарын дараа орж байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Бахрейний Ерөнхий сайд Халиф ибн Салман Аль Хамиф нас барснаас хойш Хун Сен хамгийн удаан хугацаагаар Ерөнхий сайдын албыг хашсан хүн болсон юм. Хоёр засаглалыг устгаж, “Улаан кхмерүүд”-ийг бут цохисны дараа 1998-1999 оноос Камбожид байдал бүхэлдээ тогтворжсон байна. Дайн дажин, хоморголон хядлагын он жилүүдээс хойш олсон энэ амжилтыг Хун Сений гавьяа гэж үзэх болжээ. Энэ хугацаанд эдийн засаг нь өсөж, дэд бүтэц нь хөгжсөн гэнэ. Үүний зэрэгцээ Хун Сений дэглэмийг ганцаар захирах, авлигажсан, хүний эрхийг зөрчсөн, Камбожийн Ардын намын муу бүхнийг өвлөн авсан тогтолцоо гэж үздэг юм.
Камбож улсын радио “ноёрхол” гэдэг үгийг түгээмэл хэрэглэдэг аж. Энэ нь Нородом Сианукийн тухай ярьж байгаа юм биш, Хун Сенийг хаан гэж нэрлэж буй хэрэг. “Тэрбээр улсынхаа эзэн гэж өөрийгөө харуулах дуртай” хэмээн Камбожийн Засгийн газрын зөвлөх Рауль-Марк Женнар хэлсэн байдаг. Хун Сен өөрийнхөө тухай гуравдугаар бие дээр ярьдаг зуршилтай. 2001 онд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Удирдагч байхад хүч чадал, хатуу чанд чанар хэрэгтэй. Хатуу чанга байхгүй бол эрх мэдэлтэй байж чадахгүй” гэж хэлжээ. 2008 онд онгоцны ослоор Хок Лунуиг нас барсны дараа Хун Сений ойрын хамтрагч, хүчний байгууллагуудын удирдагч нь Ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайд Сар Кенг болжээ.
Шүүмжлэгчид Хун Сений дэглэмийг “цэрэг-эдийн засгийн мафитай” жишдэг. Хун Сен хийгээд түүний гэр бүлийнхний орлого ихтэй, үл хөдлөх хөрөнгө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нефтийн ордын талаарх мөрдөн шалгах ажиллагааны материал хэвлэлд нийтлэгдсэн байна. Арабын хавар, зарим улс оронд тохиолдож буй улс төрийн хямрал, төрийн эргэлт, ялангуяа Украинд эрх баригчид нь солигдож байсан зэрэг нь нөлөөлж, улс оронд нь эмх замбараагүй байдал дэгдэх вий гэхээс Камбожийн улирдагчид ихээхэн сэрэмжилж байв. Тэгээд эмх замбараагүй байдлын эсрэг хатуу арга хэмжээ авна хэмээн Хун Сен урьдчилан анхааруулж байлаа. Сөрөг хүчнийхнээ хэлмэгдүүлэх үйлдлийг ч чанга хатуу хийж байв. “Би сөрөг хүчнийг сулруулах төдийгүй устгана. Хэрэв жагсаал цуглаан хийхийг оролдох хүч хэн нэгэнд нь хүрэлцдэг юм гэхэд тэр нохдыг алж, тор луу хаях болно” Хун Сен ингэж хэлж байжээ. 2015 онд хэвлэгдсэн “Хун Сений 30 жил” хэмээх “Human rights watch”-ийн тайланд энэ мэт үг, үйл хэргийн тухай олон баримт орсон аж.
Хун Сен 1976 онд Бун Рани хэмээх сувилагчтай ханилжээ. Хун Сен шархдаад, түүний ажилладаг эмнэлэгт хэвтэж байж. Энэ эмэгтэй 1998 оноос Камбожийн тэргүүн хатагтай гэгдэх болж, улсынхаа Улаан загалмайн байгууллагыг тэргүүлж, хөрөнгийг нь улс төрийн зорилгод (Камбожийн Ардын намд) ашигладаг, хатуу, эрх мэдэлтэй эмэгтэй гэгдэх болжээ. Камбожийн нэрт жүжигчин эмэгтэй Писит Пиликийг нөхөртэйгөө хардсаны улмаас бусдын гараар түүнийг хөнөөлгөсөн гэх таамаглал хүмүүсийн дунд байдаг. Хун Сен, Бун Рани нар дөрвөн хүү, нэг охинтой, бас нэг охин үрчилжээ. Хүү Хун Манет нь дэслэгч генерал, Хун Манит нь Камбожийн армийн бригадын генерал. Хун Мани нь улстөрч, Үндэсний ассамблейн депутат. Охин Хун Мана нь мэдээллийн салбарын томоохон бизнесмен. Эдний хүүхдүүд ер нь улсынхаа хүчний байгууллага, улс төр, эдийн засагт нөлөө бүхий алба хашдаг. Харин өргөмөл охин Хун Мали нь эр, эмийн гаж зуршилтай гэгдэх болсноос Хун Сен түүнийг өөрийн хүүхэд гэж үзэхээс татгалзаж буйгаа 2007 онд илэрхийлсэн гэдэг. Иймэрхүү явдалд хэвийн байдлаар ханддаг ч өөрийн гэр бүлийн дотор түүнийг тэвчихгүй гэж хэлсэн аж.